Мейветер япончуудыг хоёр минут баясгаад 9 сая ам.доллар хүртэв

Шинэ жилийг угтах орой мэргэжлийн боксын домог Флойд Мейветер Японы кикбоксчин, 20 настай залуу Теншин Насукаватай тулаан хийлээ. Мэргэжлийн боксын рингэнд 50 удаа гарахдаа нэг ч ялагдаж үзээгүй Флойд Мейветерийн өрсөлдөгч Теншин Насукава кикбоксоор 28 тулаан хийхдээ 22 удаад нь нокаутаар ялалт байгуулж, мөн нэг ч удаа ялагдаж үзээгүй гэх сэтгэгдэл төрүүлэм үзүүлэлттэй байв.

Тулаан тус бүр гурван минутаар гурван раунд үргэлжлэх ёстой байлаа. Хэдийгээр тулааныг зохион байгуулагчид үзүүлэх тоглолт гэж эхнээсээ мэдэгдсэн ч Теншин Насукава “Үгүй ээ, миний хувьд бол жинхэнэ тулаан. Би түүнийг болгож өгмөөр байна” гэж өгүүлсэн юм.

Харин боксын ертөнцийнхөн ийм тулааныг шинэ жилийн орой үзэж буй хүмүүсийг егөөдөж “Зул сар, шинэ жилээр үрэх мөнгө Флойдод хэрэг болсон юм байлгүй дээ. Хэдхэн минут жүжиглээд хэдэн саяыг олох сайхан арга юм. Флойд шиг тэрбумтанд энэ хэдхэн сая ямар хэрэгтэйг ч ойлгосонгүй” гэж мэдээлжээ.

Мейветерийн жин 66.7 кг, харин Теншинийх 62.1 кг байлаа. Тулааны эхэнд Флойд үнэхээр л алиалагч шиг гараа хаялан жүжиглэсэн. Харин дараахан нь өрсөлдөгч рүүгээ дайрснаар ердөө хоёр минутын хугацаанд Японы талаас цагаан алчуур шидэхэд хүргэсэн юм.

Үүнийг жүжиг, үзүүлэн тоглолт гэж шүүмжилж буй ч ММА-ийн сэтгүүлч Ариэль Хельвани  “Rizin өөрийн гол одоо Флойдод хэмх нүдүүлж буй мэт үзүүлэн тоглолт хийлгэх ямар хэрэгтэй юм бэ? Насукава ч ингэж илт гутамшиг болгохоор үзүүлэн тоглолтод орохгүй шүү дээ. Тулаанд үнэний тал байсан” гэж өгүүлжээ.

Харин хоёр минутад  есөн сая ам.доллар халаасалсан Флойд Мейветер “Би мэргэжлийн бокст буцаж ирэх гээгүй ээ. Зүгээр л япончуудыг баягасан юм” гэж мэдэгдлээ.

 

News1.mn Р.Гэгээ

SHARE