Хотын дарга болчихоор “нэр, гар” нь цэвэр хүн П.Баярхүү л байна

Өнөөдөр НИТХ-ын хурал болж Хотын даргыг шинээр сонгох ёстой. Нэлээд хэдийнээс Д.Сумъяабазар Б.Мөнхбаатарыг, Д.Амарбаясгалан С.Амарсайханыг зүтгүүлж байгаа тухай мэдээлэл гараад байсан. Саяхнаас Д.Сумъяабазар нэр дэвшигчээ өөрчилж СХД-ийн дарга байсан, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвыг зүтгүүлж эхэлсэн байна.

Ингэлээ гээд эд нар хэн нь ч хэнээсээ дээшээ гарахгүй л дээ. С.Амарсайханы хувийн компанийн асуудал түүнийг арагш нь татна. Р.Дагва гэж өмнө нь тендерийн хэргээр шалгагдаж байсан этгээд бий.

НИТХ дахь намын бүлгүүд, төлөөлөгчдийн зүгээс “Ямар ч байсан НИТХ-аасаа Хотын даргыг сонгоё” гэдэг зарчмын байр суурь дээр нэгдсэн байна. Дээрх хоёр горилогч бол НИТХ-ын төлөөлөгч нь үнэн. Гэхдээ энэ 45 төлөөлөгчөө нэр цэвэр хүн олдохгүй байна уу гэдэг анхаарал татсан асуудал байгаа юм.

Хэнийг нь сонгож явуулахыг мэдээж хэрэг МАН-ын томчууд эхлээд шийднэ. Дараа нь заавар тушаалтай “хайрцагласан нэр” НИТХ руу орж ирнэ гэсэн үг.

Гэхдээ хэнийг Хотын даргад дэмжих вэ гэдэг дээр МАН-ын удирдлагад буй нэр бүхий хүмүүс тогтож, тохирч чадахгүй байгаа аж. Хэд хэдэн удаа уулзаж зөвхөн энэ сэдвээр ярьсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй салсан байна.

Тиймээс НИТХ-ын зарим төлөөлөгч өөрсдийгөө нэр дэвшүүлж, уяж сойгоод эхэлсэн сурагтай. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хотын дарга болчих санаатай лообий хийгээд эхэлсэн гэж байна.

Харин НИТХ-ын нэлээд төлөөлөгч, бас АН-ын бүлгийнхэн одоо Хотын даргын орлогчоор ажиллаж байгаа П.Баярхүүг нэр дэвшүүлж магадгүй байна. Гэхдээ тэрээр энэ саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Юутай ч энэ цаг үед Хотын дарга болчихоор “нэр, гар” нь цэвэр хүн П.Баярхүү л байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE