Boxing Day-ийн тоглолтуудын талаар Клопп, Гвардиола, Почеттино нар юу хэлэв?

Английн хөлбөмбөгийн 19 дүгээр тойргийн дараагаар “Ливерпуль”магнайллаа зургаан оноогоор ахиулж, харин “Тоттенхэм” аман хүзүү рүү гарч ирсэн бол “Манчестер Сити” хоёр дараалан хожигдсоноор гуравдугаар байр руу ухарлаа.

“Ньюкасл”-ыг талбайдаа 4:0-ээр хожсон тоглолтын дараагаар “Ливерпуль”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп ийн өгүүлжээ.

“Үгүй ээ, зургаан онооны зөрүү юу ч өгүүлэхгүй. Одоо бид “Арсенал” болон “Сити”-тэй тоглох ёстой. Зургаан оноогоор илүү яваа нь сайн хэрэг. Бид өөрсдийн гэсэн шинэ түүхийг бичихийг хичээж байна. Премьер лигийн түүхэнд бид анх удаагаа замын дунд хүртлээ нэг ч хожигдсонгүй. Энэ тоог харах сайхан нь дамжиггүй. Гэхдээ өмнө дахиад 19 тоглолт бий.

Түрүүн хэлсэнчлэн бид одоо “Арсенал”-тай, дараа нь “Сити”-тэй тоглоно. Тэгээд бас “Тоттенхэм” бий. Хэцүү урт зам хүлээж байна. Бид өөрсдийн тоглолтоо л хожоод байх хэрэгтэй. Анхаарлаа алдалгүй, хүсэл тэмүүллээр дүүрэн зүтгээд байхад хаа хүрэхийг харцгаая” хэмээн Клопп өгүүлжээ.

“Лестер”-т 2:1-ээр хожигдсны дараагаар “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола ийн ярьсан байна.

“Бид гоолын олон боломж гаргахаар хэмжээнд эрч хүчтэй тоглосонгүй. Үүнийгээ шийдэх ёстой. “Ливерпуль” ч, “Тоттенхэм” ч бидний өмнө гарахаар хэмжээнд тоглолоо. Тэд өрсөлдөгчөө хожиж, бид хожигдлоо. Иймээс л онооны зөрүү ихэслээ. Өнгөрсөн улиралд бид олон оноогоор тасарсан бол энэ улиралд “Ливерпуль”, “Тоттенхэм” их сайн байна.

Гэхдээ бидэнд аварга болох хангалттай оноо бий. Хөлбөмбөгийн таамаглашгүй байдал нь хүмүүсийг маш ихээр татдаг шүү дээ. Өнгөрсөн улиралд биднийг хөнгөхөн аварга болчихсон л гэдэг. Гэвч бид бас хичээж байж аварга болсон юм шүү” хэмээн Гвардиола ярьсан байна.

“Борнмут”-ыг 5:0-ээр бут ниргэснээр аман хүзүүнд гарч ирсэн “Тоттенхэм”-ийн ахлах дасгалжуулагч Маурисио Почеттино юу өгүүлснийг сонирхуулья.

“Бид өөрсдийн хүч чадалдаа итгэж зүтгэж чадсан болохоор энэ байранд явж байна. Бидэнд тодорхой төлөвлөгөө, тоглолтын арга барил гэж бий. Одоо энэ байриа алдахгүй, ахиулахыг зорино.

Эхний хоёр байрт яваа багуудыг бусад багууд “алах”-ыг их хүсдэг. Тэгэхээр бидэнд улам хэцүү болно гэсэн үг. Гэвч бид урьдын адил даруухан байж, шаргуу хөдөлмөрлөх ёстой.

Дөрөв, тавдугаар сар гэхэд бид цом өргөх талаар бодож эхлэх  ч юм билүү. Гэвч тэр болтол бас зай байна. Хавар л бидэнд ямар боломж байгаа нь тодорхой харагдаж эхэлнэ” хэмээн Почеттино ярьжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE