Ерөнхий сайдыг шүүмжилсэн ХЗДХ-ийн дэд сайдыг чөлөөллөө

Засгийн газрын өнөөдөр /2018.12.26./-ийн хуралдаанаас ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Тэрээр энэ сарын 19-ний өдөр хуралдсан МАН-ын Бага хурлын өмнө сэтгүүлчдэд “Баримттай мэдээлэл, хариуцлагатай УИХ-ын гишүүн хэлсэн байна лээ. Эрүүгийн хуульд албан тушаалын нөлөөгөө оруулж, өөртөө болоод бусдад давуу байдал олгох үйлдэл бол авлигын эсрэг гэмт хэрэг шүү дээ. Албан тушаалын гэмт хэрэг.

Улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Найм хүртэл жилийн хорих ялтай. Хуулийн өмнө адилхан байх ёстой.

Өөрөө шалгагдаад ирэхээрээ”шударга бусын хонгил” яриад байх хэрэггүй. Хуулийн хонгил дээр өөрсдөө очих хэрэгтэй. Шалгуулах л хэрэгтэй. Шударга байх хэрэгтэй” гэж хэлсэн нь ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан нь болжээ.

Тодруулбал, өмнөх өдөр нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авсан байна гэж баримт дэлгэн мэдээлэл хийсэн юм. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр үүнтэй холбогдуулан асуусан сэтгүүлчийн асуултад дээрх хариултыг өгсөн байдаг.

Б.Энхбаярын ийн ярьсан нь цахим сүлжээнд олон хүнд хүрсэн нь ийн  ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрчээ.

Түүнийг чөлөөлөх асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оруулж Засгийн газрын шийдвэрийг гаргуулсан байна.

Б.Энхбаярын хувьд МАН-ыг сөрөг хүчин байх 2012-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үедээ “шүгэл үлээх” гол ажлуудыг хийдэг байсан юм.

Нөгөөтэйгүүр Б.Энхбаяр МАН-ын залуус дундаа нэр хүндтэй нэгэн бөгөөд түүнийг ингэж “гудамж”-нд гаргаснаар У.Хүрэлсүх өөрийнхөө эсрэг гайгүй сайн “шүгэлчин” бэлдээд тавилаа гэж улс төрийн хүрээнд дүгнэн ярьж байна.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE