Хүн төрөлхтний наадамд хүчээ гайхуулсан Баавгай

Анхны алт
1961 онд чөлөөт бөхийн ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээний хүнд жингийн ганц алтан медалийн төлөө 21 бөх зодогложээ. Тэдэн дунд Тбилисийн Кикназе, Канделаки, Ромын олимпийн медальт Зарасов, Москвагийн Иваницкий гээд зүрхшээм бөхчүүд тун олон байж. Эхний гурван тойргийн дараа бөх сонирхогчид тэдэнтэй Медведь хэмээх залуу тун ширүүн өрсөлдөж болохыг мэдэрсэн гэдэг. Учир нь тэр залуу эхлээд Канделакиг оноогоор ялаад, дараа нь Кикназег цэвэр дарчих нь тэр. Одоо Зарасов, Иваницкий нар өмнө нь хөндөлсөж чадахаар болжээ. Нийт долоон тойргийн дараагаар Минскийн Александр Медведь өнөөх хоёр хүчтэй өрсөлдөгчдөөсөө оноогоор илүү гарч, аваргын алтан медалийг хүртснээр Японд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхээ авлаа. Үнэндээ энэ алтан медальд хүрэх зам тун хүнд байсан. Александр бүтэн дөрвөн жилийн турш тэдгээр алдарт бөхчүүдэд дарагдсны эцэст ийнхүү өөрийн хүчээр байр сууриа олж авсан нь энэ.

Үеийн Иваницкийг “өрөвдсөн нь”
1960-аад оны эхээр хүнд жинд Иваницкий, Медведь хэмээх хоёр тун ирээдүйтэй залуу зэрэг гарч ирсэн юм. Тэд нэгэнтэйгээ заавал таарч байж алтан медалийн хувь заяа шийдэгдэнэ. Хэн нэг нь дэлхийн аварга, олимпийн наадмыг заавал өнжих асуудал тулгарах гээд байлаа. Гэтэл ийм авьяастай, хүчтэй хоёр бөхийн нэгийг эх орондоо зүгээр орхиод дэлхий, олимпийн наадмыг зорино гэхэд тун харамсалтай байж. Тэгээд ч ЗХУ-д хүнд жингийн чанх доод жинд төдийлөн хүчтэй бөх илт цойлж гарч ирээгүй байлаа. Ингээд Александр энэ хоёр хүнд асуудлыг нэгэн алхмаар тун амархан шийдсэн нь жингээ хасч доод жиндээ зодоглох. “Би Иваницкийгаас арай жин багатай юм чинь доод жинд орсон нь дээр байх” гэж тэр хэлжээ. Ингэж тэр эрчүүдийн найз нөхөрлөл ямар байдгийг илтгэн харуулсан юм. 1961 онд улсынхаа аваргад хүнд жинд түрүүлсэн хэрнээ тэр ийнхүү дараа жил нь Толедод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд доод жинд нь барилдсан байдаг. Одоо цагт бол “Би энэ жингийн аварга. Хасвал тэр л хасна биз” гээд “хэвтчихнэ” биз дээ.

Тахтийг ялсан минь хамгийн том бахархал
Олимпийн наадамд гурвантаа түрүүлсэн алдарт бөхөөс “Хамгийн ихээр сэтгэлийг тань хөдөлгөсөн ялалтаа дурсана уу?” гэж сэтгүүлч асуухад “Би 1964 оноос хойш олон олимпод орсон. Гэхдээ 1960 онд болсон нэгэн барилдаан санаанаас гардаггүй. Ираны Али Тахтитай барилдсан юм. Хэдийгээр тэр тэмцээнд ЗХУ-ын баг тамирчид нийлбэр дүнгээрээ ялагдсан ч гэсэн дэвжээн дээр нь би тэдний шүтээн болсон Тахтийг ялж дөнгөсөн. Гэхдээ Тахти тэглээ гээд надад муу саналгүй, инээмсэглэн мөрийг минь алгадаж байсан шүү. Заал тэр чигээрээ чив чимээгүй болчихсон. Эмгэнэлт явдал үзэж буй юм шиг л. Харин Тахтийг тийнхүү надад найрсаг хандахад үзэгчид аажмаар баяр хүргэж эхэлсэн. Ер нь Тахти их сайхан хүн байсан. Тэр барилдааны бай шагналынхаа ихэнх хэсгийг ядуу иргэддээ зүгээр л тараагаад өгчихдөг байсан гэдэг. Тийм гайхалтай бөхтэй тэгж барилдсан маань одоо ч санаанд хамгийн тод байдаг” гэж тэр ярьсан удаатай.

Эмэгтэй хүний төлөө нэг л удаа нударга зангидсан “баавгай”
Медведь гэдэг нь баавгай гэсэн үг гэдгийг манайхан андахгүй. Тэр яг л овогтоо тохирсон нэгэн. Өрсөлдөгчдөдөө тэр хүн шиг санагдах нь нэн цөөн. Харин уулнаас бууж ирсэн баавгай мэт санагдах нь олон. 190 см өндөр ч гэсэн жин нь хичнээн тавиад 115 кг-аас нэг их хэтрээгүй гэдэг. Толедод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тойргийн барилдааны дараа бүр 95 кг хүрчихсэн байсан тухай ч дурсдаг. Энэ сүүлийн тойрогт  тэрбээр өрсөлдөгчөөсөө хөнгөхөн байсан тул дүрмийн дагуу хөнгөхөн бөх нь дэлхийн аваргын алдар хүртсэн гэдэг. Александр Медведиэс “Та энэ хүч чадлаа дэвжээнээс гадуур ашиглаж байв уу?” гэж сониуч сэтгүүлч лавлахад “Зөвхөн нэг удаа. Нэг эмэгтэйн төлөө нударга зангидах хэрэг гарсан шүү. Гэхдээ тэрийг тэгтлээ дэлгэрүүлж яриад яахав. Ер нь би амгалан “баавгай” шүү дээ” гээд инээд алджээ.

Тэсвэр тэвчээрээрээ өрсөлдөгчөө сөгдүүлсэн нь
Мехикогийн олимпод Александр хүнд жиндээ барилдах бүрэн эрхээ авч очлоо. Өмнөх олимпод харьцангуй хөнгөн жинд аваргалсан түүнийг үлэмж биетнүүдтэй эн тэнцүү барилдаж чадах эсэх нь тун сонин байлаа. Далайн түвшнээс огцом дээш өргөгдсөн Мехикод очиход л амьсгал давхцмаар байж. Түүний эцсийн учраа нь Германийн Вильфрид Дитрих. Дитрихийг бөхийн хүрээнийхэн “хашир чоно” гэж нэрийднэ. Ингээд хашир чоно, баавгай хоёр хамгийн сүүлд халз тулах нь тэр. Дитрих Александраас айж эмээж буй шинж огт үгүй харагдана. Өөрөөр хэлбэл, тэр ялалтдаа их эрдүү байгаа нь ажиглагдана. Хоёр хүчтэн тулаад хэсэг удсны дараа гэнэт Дитрихт ямар нэгэн юм нугачин хугарах чимээ сонсчээ. Медведийг харахад юу ч болоогүй юм шиг. Шүүгч чимээ мэдэрсэн ч юу болсныг ойлгосонгүй. Гэтэл Дитрих гэнэт Медведийн нэг хуруу хугараад, огцом эргэчихсэн байхыг олж харжээ. Шүүгч барилдааныг зогсоож, эмч нар өөр рүү нь гүйж ирэхээс өмнө Александр өнөөх хуруугаа өөрөө мушгиад хэвэнд нь оруулчих нь тэр. Ингээд Медведь юу ч болоогүй юм шиг шүүгч рүү занган барилдаанд бэлэн болсноо илтгэжээ. Ядаж ганц ёо гэж дуу алдсангүй. Ингээд хоёр бөх дахин тулахад Дитрихийн сүнс нь зайлчихсан мэт болчихсон байлаа. Тэр үнэхээр хүн, баавгай хоёрын алинтай нь барилдаж байгаадаа эргэлзсэн нь тэр. Александрыг дайрахад тэр хамгаалж чадахаа ч больж, эцэстээ барилдаанаас өөрөө татгалзахад хүрсэн гэдэг. Ийнхүү хүнд байж боломгүй тэсвэр тэвчээр зааснаараа Медведь өрсөлдөгчөө сэтгэл санаагаар нь цэвэр ялсан байна. Хожим сурвалжлагч түүнээс “Тэгэхэд үнэхээр өвдөөгүй гэж үү?” гэж асуухад Медведь “Нүд харанхуйлсан шүү” л гэж хэлжээ.
Ингээд хугархай хуруутай ч тэсвэр тэвчээрээр бүтэн Медведь олимпийн аваргын алдрыг хоёр дахиа хүртсэн юм.

Гэмтэлтэй ч гэсэн түрүүлсэн нь
Мехикогийн дараа Медведь зүрхний ажиллагаанд догдолтой гэсэн оноштойгоор гурван жил барилдсангүй. Түүнийг зодгоо тайлахыг эмч нар зөвлөнө. Гэвч тэр 1971 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өөрийгөө сойж дөнгөлөө. Дараа жил нь Мюнхений олимп боллоо. Америкийн үлэмж биет Крис Тейлорын дэргэд тэр зүгээр арван жилийн сурагч шиг харагдана. Өөрөөс нь хоёр дахин хүнд жинтэй Тейлорыг ялах итгэл түүнд байжээ. Шүүгч хоёуланг нь тус бүр хоёр торгосны эцэст гурав дахь үеийн барилдаан эхэллээ. Өөх махандаа түүртсэн Тейлор энэ үед цуцаж эхлэхэд Медведь тун чухал ялалтын нэг оноог салгаж чадлаа. Гэхдээ энэ оноог авах гэж мэх хийхдээ тэр мөрөө бэртээжээ. Ингээд үлдсэн өрсөлдөгч нартайгаа гэмтэлтэй ч гэсэн барилдахаас өөр аргагүй болов. Ялангуяа шувтаргын барилдаанд Болгарын Осман Дуралиевтай таарсан нь тун хүнд тулаан болсон. Медведь уг нь тэнцэхэд л түрүүлэх байсан ч олимпийн наадмын алтыг аргалж биш хүчээр авах хүсэлтээ автан тэмүүлсээр оноогоор ялж чадсан нь гайхалтай. Ийнхүү тэр урьд нь нэг ч бөхийн хүрч чадаагүй өндөрлөгт хүрч, олимпийн наадмын алтан медалийг гурав дахиа зүүх нь энэ.
Бөхийн дэвжээнээ тэсвэр тэвчээр, ур ухаанаа уралдуулаад сурчихсан Медведь хожим энгийн амьдралдаа ч тун сайн сайхан амьдарсан. Белорусийн бөхийн холбоог он удаан жил удирдсны сацуу түүний хүү ч аавынхаа шийрийг хатааж дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ.

Нэрийн хуудас
Нэр: Александр Васильевич Медведь
Төрсөн огноо: 1937.09.16
Төрсөн газар: Цагаан сүм хот
Амжилт: 1964, 1968, 1972 оны Олимпийн аварга
1962-1963, 1966-1967, 1969-1972 оны Дэлхийн аварга
1996, 1968, 1972 оны Европын аварга
191-1963, 1966-1970 оны ЗХУ-ын аварга

news1.mn Р.Гэгээ
SHARE