Голгүй тэнэг хүн л “Голомт”-ыг сонгодог юм байна

Уг нь энэ асуудал анх их холуур босч ирсэн эд. Учир юу гэвэл 2014 онд Алтанхуягийн Засгийн газар унаж, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд гэсэн сэтэртэй сүүлчийн өдрүүдээрээ нэгэн баримтыг цахим сүлжээнд тавьсан юм.

Тэр бол “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдоос Д.Дорлигжавт авлига болгон өгсөн гэх 4 сая долларын гүйлгээний баримт байлаа. 4 сая долларын гүйлгээ “Голомт” банкаар хийгдсэн байв.

Тэр үед, одоогоос дөрвөн жилийн өмнө ингэж дуулиан болонгуут “Голомт”-ын Д.Баясгалан, “Алтан Дорнод Монгол” компанийн Тэргүүн дэд захирал асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаагийн хамт хэвлэлийн бага хурал зарлан гарч ирээд “Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирсэн. Ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. “Алтан Дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа Монголын нэлээд томоохон 5-6 компани тус компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан Дорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүдээ “Голомт” банкны барьцаалсан. Тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан Дорнод Монгол” компанийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь Т.Ганболд захирал компанийг худалдаж авсан. Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар банкнаас гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч,  хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байна” гэж байлаа.

Өөрөөр хэлбэл, “Голомт”-ын Д.Баясгалангийн энэ үг Х.Тэмүүжиний өдүүлсэн дуулианыг нам дарж чадсан юм.

Тэгвэл саяхан “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд телевизийн ярилцлагад орж “Улс төрийн шантаажаар намайг хэдэн сар шоронд хорьсон. Дорлигжавын дүүгийн данс руу 4 сая доллар шилжүүлсэн нь үнэн” гэж мэдэгдлээ.

Дахиад л дуулиан дэгдэв. Энэ удаад Д.Дорлигжав өөрөө гарч ирж телевизэд ярилцлага өгч, олон баримт үзүүлэн тайлбар хийлээ.

Тэрээр “Яриад байгаа 4 сая долларын тухай түүх ингэж эхэлдэг юм.  Тухайн үед “Алтан Дорнод Монгол”-ын захирал Паушок Монголын Засгийн газартай “Алтны 68 хувийн татвар төлөхгүй би гадаадын хөрөнгө оруулагч” гэж Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг. Гэтэл Арбитрын шүүхээс Тогтвортой байдлын гэрээгүй байсан учир төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан.  Тэгээд сүүлдээ Паушок “Монголд юм хийж болохгүй юм байна” гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Яагаад энэ тухай яриад, мэдээд, “байна лээ…” гэж хэлээд байна вэ гэхээр энэ хэрэгт нэр холбогдоод байгаа манай дүү Баатар тэр үед “Голомт” банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан.

Зээл авах гээп хөөцөлдөж явах энэ үед нь “Голомт” банкны захирал Д.Баясгалан “Паушок компаниа зарна гэж байна. Манай банк энэ “Алтан Дорнод Монгол”-оос маш их авлагатай. Авлагаа салгаж авмаар байна. Тэгэхээр би чамд зээл гаргаад өгье. Чи харин Паушокийн компанийг ав” гэсэн юм билээ.Тэгээд   манай дүү, тэр Бямбаатай хамт Москва яваад Паушоктой уулзаж, компанийг нь худалдаж авахаар тохироод төлбөр тооцоо хийх графикаа хийсэн байгаа юм. Паушок, эхлээд 2 сая доллар төл гэсэн болзол тавьсан юм байна лээ. Тэгээд манай дүү “Голомт” банкнаас зээлсэн мөнгөнөөсөө 2 сая долларыг  Паушокт төлсөн. Иймэрхүү байдалтай явж байх үед нь Баясгалан гэнэт зээл өгөхөө зогсоосон. Юу болсон гэхээр  “Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаж авах хүн олдлоо” гэсэн. Тэр нь энэ Т.Ганболд. Ясар ч байсан Д.Баясгалан “Бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ. Хоёулаа ярьсан юм аа зогсооё” гэж манай дүүд хэлсэн байна лээ.   Нэгэнт банк нь зээл өгөхгүй юм чинь тэгэхээс яахав гээд ингээд зогссон. Тэгээд Т.Ганболд, Д.Баясгалан, манай дүү гурав суугаад “За, би “Голомт” банкнаас урьдчилж зээл аваад, энэ Паушок гэдэг хүнд 2 сая доллар өгсөн. Та энэ мөнгийг буцааж манай данс руу хийгээд “Голомт” банкны өрийг хааж өгнө шүү” гэж тохирсон байдаг. Энэ дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд 2 сая доллар хоорондын тооцоо гэж  Т.Ганболдын компаниас орж ирээд, мөн тэр өдрөө зээлийн төлбөр гээд гараад явсан бичиг байна. Ингээд манай дүү энэ төлбөр тооцоогоо хийгээд бүх юмаа хааж байгаа юм.

Гэтэл сарын дараа манай дүү компанийнхаа дансыг шалгасан чинь дахиад 2 сая доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод, гараад явсан байдаг. Тэгэхээр нь 2011 оны 11 дүгээр сарын 14-нд “Голомт” банкны захирал руу албан тоот явуулжээ.  “Манай компанийн данс руу юун мөнгө ороод гарав…” гэсэн утгатай.  Ингээд “Голомт” банк гүйлгээ хийсэн бүх баримтаа шалгаад манай дүүд буцаан нэг хуудас цаас хариу өгсөн байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 08-нд “Пайнеринг” гэдэг Т.Ганболдын компани, “Рекат Монголия” гэдэг компанийн данс руу андуурч 2 сая доллар шилжүүлсэн тул буцаан шилжүүлж өгнө үү гэсэн бичиг ирсэн. Тиймээс буцааж шилжүүлсэн. Ийм юм болсон учир бид танай данснаас буцаан татсан, уучлаарай” гэсэн агуулгатай…

Тэгэхээр энэ Т.Ганболдын яриад байгаа 4 сая долларын 2 сая нь хоорондын төлбөр тооцоо, нөгөөх нь андуурч хийсэн 2 сая долларын бичиг…Үүнийгээ бариад л гүйгээд байгаа юм. Тэгэхээр тэр мөнгийг андуурч манай дүүгийн компанийн данс руу шилжүүлсэн биш үр зориуд хийчихээд андуурсан гэсэн авчихаад бичиг гаргаж, сенсаци үүсгээд байна” гэж ярьжээ. Д.Дорлигжавын тайлбар маш олон асуултад хариулт өгсөн. Бас маш олон асуулт хийгээд асуудлыг дахин босгож иржээ.

Д.Дорлигжав Т.Ганболдыг шантаажилж, дарамталж байгаад 4 сая доллар авсан үгүйг хууль хяналтын байгууллага тогтооно. Тэгэхээр энэ бол тусдаа асуудал юм.

Харин Монголын цөөхөн хэдэн томоохон арилжааны банкуудын нэг “Голомт” банкны үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. “Голомт” банк бол иргэд, байгууллагуудын итгэлийг олж, мөнгийг нь татдаг, түүн дээр хөрөнгө санхүүгээ босгож үйл ажиллагаа явуулдаг. Итгэл, тэгээд мөнгө шүү. 2014 онд “Голомт”-ын Д.Баясгалан энэ 4 сая долларын талаар мэдээлэл хийнгүүт хэвлэлүүд ч, хүмүүс ч дуугүй болсон нь тэрхүү итгэлтэй л холбоотой. “Голомт”-д итгэдэг учраас тэр.

Гэтэл Д.Дорлигжавын ярьснаас үзвэл “Голомт”-ын хөрөнгийг Д.Баясгалан гэдэг захирал нь бие дааж шийдвэр гаргаж, сая сая доллараар нь нааш нь цааш нь болгоод сууж байдаг юм байна. Д.Дорлигжавын дүүд барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байхад л сая сая долларын зээл олгож, гэнэт түүнийгээ буцааж татжээ. Бас нэг ноцтой асуудал гэвэл Д.Дорлигжавын дүүг мэдээгүй байхад дансаар нь 2 сая доллар ороод гарчихсан гэнэ. Юу гэсэн үг вэ. Орон сууцны зээл болгож 40 сая төгрөг зээлэхэд юу болдог билээ дээ.

Харин энэ бүх халхавчны цаана “Голомт”-ын Д.Баясгалангийн шийдвэрээр иргэд, байгууллага, та бидний хадгалуулсан, байршуулсан мөнгө ямар нэг хяналтгүйгээр тоглоомын, бизнесийн хэрэгсэл болоод явж байдаг юм байна.

Ингэхээр “Голомт”-д итгэж болох уу. Хэзээ нэг цагт “Баясгалан захирал тэр хүн рүү бүх хөрөнгийг шилжүүлээд эргэж орж ирээгүй” гэвэл яах вэ. Баталгаа бол алга. Тэгэхээр голгүй тэнэг л  “Голомт”-ыг сонгодог юм байна гэхэд хэтийдэхгүй ажээ.

 

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE