Машинд төрж, машинд амиа алдсан Валерий Харламов

Дэлхийн хоккейн түүхэнд хамгийн агуу таван тамирчны тоонд багтдаг Валерий Харламов өнөөдөр мэнд байсан бол 70 нас хүрэх байлаа. Та бүхэндээ Валерий Харламовын талаархи зарим сонирхолтой баримтыг хүргэе.

Машинд төрөв

Валерий Харламовын аав нь “Коммунар” заводын слесарь, харин эх нь испани бүсгүй Орбат Хермане. Орбат Хермане 1930-аад онд ЗХУ-д 12 настайдаа гэр бүлийнхээ хамт шилжин суурьшсан.

Орбат Хермане төрөлтийн өмнөх өвдөлт өгч, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэхээр болжээ. Гэвч замдаа өвдөлт улам нэмэгдэж, машинд амаржсан байна. Валерий Харламовын биеийн жин 3 кг хүрэхгүй байсан тул түүнийг ирээдүйд тамирчин болох битгий хэл бие тааруутай байх болов уу гэж эцэг эх нь болгоомжилж байжээ.

Валерий анх долоон настайдаа хөлдөө тэшүүр углаж үзжээ. Тухайн үед ЗХУ-д хоккей их дэлгэрч, алдартай тамирчдыг дууриаж, хоккейчин болохыг хүссэн хөвгүүд секцэнд орж эхэлжээ. Гэвч Валерий хүүг зүрхний доголдолтой гэж эмч нар үзсэн тул хоккейн тоглох битгий хэл биеийн тамирын хичээлд ч орж болохгүй гэж хэлсэн байна. Иймээс ээж нь хүүгээ биеийн тамирын хичээлд орохыг хорино. Харин аав нь өөр бодолтой байжээ. Ленинградад зуны мөсөн талбай байгуулахад хүүгээ дагуулан очсон байна. Хэдийгээр 1949 оноос хойш төрсөн хүүхдүүдийг тухайн секцэнд бүртгэж байсан ч турьхан жижиг биетэй Валерийг эцэг нь оруулж дөнгөжээ. Хожим насаа дарсныг нь мэдсэн ч гэсэн тухайн үед дасгалжуулагч нь Харламовын авьяас чадварт бүрэн итгэсэн тул секцэндээ үлдээсэн байна.

ЦСКА-гийн өсвөрийн багийн хамгийн шилдэг тоглогчдын нэг нь болж чадсан ч түүнийг Анатолий Тарасов нэгдүгээр багт “хэт намхан” гэсэн шалтгаар авахаас татгалзжээ. Ингээд хоёрдугаар лигийн баг руу шилжүүлсэн байна. Гэтэл эхний улиралд 34 гоол оруулж, олны анхаарлыг татжээ. Үүний дараагаар ЦСКА-гийнхан түүнийг нэгдүгээр багтаа татаж авчээ.

1967/68 оны улиралд ЦСКА-гийн хамтаар ЗХУ-ын аварга болж. Тухайн цаг үеэс Төв армийн багийн Михайлов-Петров-Харламов гэсэн алдартай гурвал бий болжээ. 1969 онд 20 настайдаа дэлхийн аварга болсон байна.

“Би уран гоёмсог тоглолтод дуртай” гэж Харламов хэлдэг. Тэгж ч тоглож чаддаг байв.

1981 онд Харламов “Энэ бол миний сүүлчийн улирал байх болно” гэж зарлав. Тэрбээр олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга, Европын зургаан удаагийн аварга болж амжсан байлаа.

1981 оны наймдугаар сарын 27-нд Валерий Харламов эхнэр Ирина болон эхнэрийнхээ ах Сергейгийн хамт өглөө эрт зуслангаас гэр лүүгээ гарчээ. Ленинградаас 74 километрийн зайд авто осолд орсон юм. Эхнэр Ирина нь “Волга” машинаа жолоодож явсан байдаг. Бороотой өглөөний хальтаргаатай замд Ирина жолоогоо алдсанаар эсрэг урсгалд орж, ачааны машинтай мөргөлджээ. Ослын улмаас Валерий Сергей хоёр шууд нас барж, Ирина хэдэн минутын дараагаар амьсгал хураажээ.

Тухайн үед ЗХУ-ын шигшээ багийнхан Канадын цомд оролцохоор Виннипегт байсан ч бүгд оршуулгад оролцохоор буцья гэж ярилцсан гэдэг. Гэлээ ч хэсэг хугацаанд ярилцсаны эцэст Канадын цомд түрүүлж, нас барсан найзынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэхээр болжээ. Ингээд аварга болж, ялалтын цомоо Валерий Харламовт зориулсан юм.

Ийнхүү дэлхийн хоккейн түүхийн домогт тамирчин машинд төрж, мөн машинд амиа алдсан юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE