“Манчестер Юнайтед” шинэ дасгалжуулагчийнхаа нэрийг санаандгүй задлав

Английн “Манчестер Юнайтед” өчигдөр 55 настай португал мэргэжилтэн Жозе Моуриньог ахлах дасгалжуулагчийн албанаас халлаа. Моуриньо ийнхүү хоёр жил хагасын хугацаанд “Олд Траффорд”-д ажиллаж, ойролцоохь “Лоури” зочид буудалд амьдрахдаа нийтдээ гурван цом өргөсөн юм.  Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Жозе Моуриньог хугацаанаас нь эрт халсны төлбөрт 22 сая паунд төлөх бололтой.

Моуриньог халсны дараагаар “Улаан чөтгөрүүд”-ийн шинэ дасгалжуулагчаар хэнийг томилох нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. “Реал Мадрид”-ыг гурван улирал дараалан Аваргуудын лигт түрүүлүүлээд өөрөө ажлаа өгч амрахаар одсон Зинедин Зиданыг хэдэн сарын өмнөөс л “Манчестер Юнайтед”-тай нэр холбож байгаа. Гэхдээ Зиданыг ганц “Юнайтед” ч биш “Байерн Мюнхен”, “Парис Сен-Жермейн”-тэй ч нэр холбосоор байгаа билээ.

Үүнээс гадна “Монако”-г амжилттай удирдаж Францын лигт түрүүлүүлсэн Леонардо Жардим, “Арсенал”-ыг 20 гаруй жил удирдсан Арсен Венгер, “Челси”-гээс халагдсан Антонио Конте нарын зэрэг олон мэргэжилтэн одоогоор ажилгүй байгаа тул тэдний нэрийг ч Манчестерийн багтай холбож байна.

Гэхдээ Моуриньог халсны дараахан “ Манчестер Юнайтед”-ы албан ёсны цахим хуудас нэгэн богино хэмжээний бичлэг оруулсан нь шинэ дасгалжуулагчийн эргэлзээг тайлсан гэж хэвлэлүүд үзэж байгаа гэнэ. Тус бичлэгт цагтаа “Улаан чөтгөрүүд”-д зүтгэж явсан норвег довтлогч Оле Гуннар Сульшерийн дүрс байжээ.

Сульшерийн 1999 оны Аваргуудын лигийн финалын тоглолтын шүүгчийн мэдлийн минутад оруулсан хожлын гоолын бичлэгийг оруулаад “Энэ гоолоороо багтаа требл авчирсан Сульшер 20 жилийн дараагаар дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана” гэсэн тайлбар бичжээ. Гэвч тун удалгүй тус бичлэгийг устгасан байна.

Тэгэхээр “Манчестер Юнайтед” хугацаанаасаа өмнө санаандгүйгээр шинэ дасгалжуулагчийнхаа нэрийг зарласан байж магадгүй гэнэ. Гэхдээ Сульшер тайлбарт өгүүлснээр бол ахлах дасгалжуулагч биш харин ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бололтой. Өөрөөр хэлбэл, улирал дуустал хуучин багаа удирдаж магадгүй ажээ.

Оле Гуннар Сульшер 2007 онд хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлсний дараагаар “Манчестер Юнайтед”-ын залуучуудын багийн дасгалжуулагчаар гурван жил ажилласан юм. Үүнийхээ дараагаар унаган баг Норвегийн “Молде”-г удирдах болсон. 2014 онд Уэльсийн “Кардифф”-ын ахлах дасгалжуулагчаар томилогдсон ч удалгүй халагдаж, улмаар “Молдё”-д эргэн очсон.

46 настай Оле Гуннар Сульшерийн туслахаар Сэр Алекс Фергюсоны туслахаар ажиллаж байсан Майк Фелан томилогдож магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE