Шинжээравдан: Бидний ард нам эсвэл, сайд дарга нар биш, жирийн ард түмэн, газар нутаг байдаг

Уул уурхайн компаниуд руу дайрч, үйл ажиллагааг нь хүчээр зогсоодог, монгол охидыг доромжилсон хятадуудад гар хүрч орхидог зэрэг үндэсрхэг үзэлтэй залуусын үйлдэл нэг талаар хууль бус гэмээр. Хууль ёс алдагдаж, авлига албан тушаалын наймаа цэцгэлсэн энэ нийгэмд ингэж л шударга ёсыг тогтоохоос аргагүй гэж зөвтгөж болох. Газар нутгаа тэдгээр залуус сайн хамгаалж байна гэж баярлан дэмжих нэгэн байхад хэн нэгэн том хүний заавраар ажилладаг, мөнгө авдаг, уул уурхайн компаниудыг шантаажилдаг гэх хардлагууд ч нийтэд бий. Анх “Хөх Монгол” бүлгэмийг байгуулж байсан залуус өнөөдөр “Босоо хөх Монгол” хэмээх бүлгэмийн дор шударга ёсыг өөрсдийн арга барилаар хамгаалахыг зорьж байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа уул уурхайн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэгчдийн дунд “Босоо хөх Монгол” гэх нэр байнга дурдагдсаар ирэв. Одоо тэд “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нартай хамтран УИХ-ыг тараахыг шаардаж, “Их цааз хэмээх” Үндсэн хуулийн төслийг санаачлан орон даяар гарын үсэг цуглуулж явна.

Тэдний туйлын зорилго юу болох, үндэсрхэг үзэлтэн гэж хэн бэ, Монгол орон тэдний хувьд юу болох, олон арван удаагийн эсэргүүцэл, тэмцэл, өлсгөлөнг мөнгөөр хийсэн үү, ард нь хэн нэгэн байна уу гэсэн сонирхол хийгээд хардлагыг тайлахыг оролдож “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн асан Шинжээравдантай дэлгэрэнгүй ярилцсан ярилцлагын үргэлжлэлийг хүлээн авна уу.

БИД НЭГ АЙМАГ, СУМ, АНГИЙНХАН БИШ. ЕРӨӨСӨӨ Л ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ДЭЭР НЭГДСЭН

-Та “Босоо хөх Монгол”-ын Шинжээравдан гэж Монголын ард түмэнд танигдсан. Эх оронч залуусын төлөөлөл хэмээн сайнаар хүлээж авах хэсэг байхад саараар угтах хэсэг ч бий. Иргэний нийгмийн хөдөлгөөнийг байгуулж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний өөрийн ахуй бизнес, амьдрал бол Германы бенз машины засвар үйлчилгээ, сэлбэг худалдаа юм. 2000-аад оноос энэ чиглэлээр бизнес хийж эхэлсэн. Тэр үеэс нэлээд олон найз нөхөдтэй болж эхэлсэн. 2007 оноос Гансүрэн гэх залуутай “Хөх Монгол” бүлгэмийг байгуулж, маш олон залуус нэгдсэн. Бид нэг аймаг, сум, ангийнхан биш. Ерөөсөө л залуус эх оронч сэтгэлгээ, үндэсний үзэл дээр нэгдэж байсан. “Гадны нөхөд дэндүү даварлаа”, “Монголчуудыг нохой мэт үзэж байна”, “Монгол охидыг нойлын цаас шиг хэрэглэж байна”. “Хятад солонгосчуудын ааш авир дэндлээ”, “Энэ газар нутгийн асуудал болохоо байлаа” гэх мэт үзэл дээр нэгдсэн. 2013 он хүртэл “Хөх Монгол” бүлгэмээрээ явж байгаад “Босоо хөх Монгол” гэж тусдаа төрийн бус байгууллага байгуулсан. Сүүлийн дөрвөн жил “Босоо хөх Монгол” байгууллагын тэргүүнээр ажиллалаа. Ажиллах хугацаанд сайн муу нэрийг их л зүүлээ. Энэ хугацаанд маш олон мянган га газрыг малчид тариаланчдад нь авч өглөө. Хууль бус хулгай луйвраар авсан уул уурхайн лиценз эзэмшигчдийг мэргэжлийн хяналт, цагдаа хүчний байгууллагатай хамтран хөөн зайлуулж явлаа. Одоо хүртэл тэмцэж яваа нь Ноён уулын асуудал байна. Захиргааны шүүх дээр 39 удаа ялалт байгуулж, 40 дэх удаад нь анхан шат руу буцаасан учир бид Улсын дээд шүүхэд давж заалдаад хэрэг үүсгээд явж байна. Ийм байдалтайгаар өнөөдрийг хүртэл явсан.

Сүүлийн үед олон иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв юм байна, УИХ-ыг тараахаас аргагүй байна гээд “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөн дээр түлхүү ажиллаж байна. Тиймээс “Босоо хөх Монгол”-ын тэргүүний ажлыг журмын анд Монгол Улсын харцага Ганхуягт өгсөн.

-Эх оронч үзлийн тухай та ямар тодорхойлолтыг хэлэх вэ. Энэ үгийн утгыг  илүү гүн гүнзгий агуулгатай боддог болов уу?

-Монгол хүн бүрт эх оронч сэтгэлгээ байдаг. Хүн бүрт далд авъяас байдаг гэдэг шиг. Тэр нь харин хэзээ сэдрэх вэ. Бид өнөөдөр тэр сэтгэлгээгээ сэргээж чадахгүй сохорчихоод байгаа юм. Ерөөс өнгө мөнгөнд сохорчихоод байгаа юм. Эх оронч үзэл гэж одоогийн залууст үнэхээр байхгүй болж. Үнэхээр улаан номонд орохоор хэмжээнд хүрсэн гэж харж байгаа. Зугаа цэнгэл, найр наадам, баар сав гэхээр залуучууд хөл толгойгүй бужигнаж байдаг. Яг газар нутаг, нутгийн ард иргэд нь гадна дотны луйварчдад дарлуулаад ард түмнээсээ аврал эрэхээр очдог хүн байдаггүй. Сумын хэдэн залуус, малчид л очно. Нөгөө хэд нь баахан хамгаалалт, цагдаа хүчнийхэнтэй нийлээд нутгийнхныг дарчихдаг. Мань мэт нь нохойд барьдаг мод мэт явдаг. Өнөөдрийг хүртэл явж ирсэн. Ингэж олон жил маш олон лиценз цуцлуулаад, хууль сахиулаад яваад байдаг. Гэтэл араар нь ахиад л хэдэн зуугаар нь лицензийг өгч байдаг. Тэгэхээр ерөөсөө энэ хулгайч нарын үндэстэй нь үзэх нь зөв юм байна. Бид мөчир, үзүүрүүдтэй нь үзээд нэмэргүй юм байна гэж миний хувьд бодоод бусад иргэний хөдөлгөөнүүдтэй нэгдээд УИХ-ыг тараах ажилд гар бие оролцоод явж байна.

БИДНИЙГ ДАЙРЧ АЛАХААР ТОМ МАШИНААР ХӨӨЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ ОЛОН

-Үндэсрхэг үзэлтэй залуус байсхийгээд уул уурхайн компаниуд дээр очсон.  Үйл ажиллагааг нь зогсоохоор сүх, лантуудаа тулж хүч хэрэглэсэн тухай дуулддаг. Яагаад тэдэнтэй үг хэлээрээ ойлголцож болдоггүй юм бэ. Нэгэнт Монгол Улсад хөрөнгө оруулж, татвараа төлж байгаа гадаад, дотоодын компаниуд шүү дээ?

-Алт харсан, тэр их мөнгөн дээр суусан хүмүүс байгаль орчин яаж сүйрч, гол ус нь яаж ширгэж хордож байна, малчид яаж хохирч байгааг боддоггүй юм.  Тэр лицензийг авах гэж багагүй авлига төлсөн. Тэр авлигаа хэдэн мянга дахин нугалж авна. Алт харсан хүний сэтгэл санаа аюултай болдгийг олон удаа харсан. Биднийг дайрч алах гэж хово машинар хөөж байсан удаа ч олон. Цагдаа хүчний зарим нэг нөхөд тэд нартай эвсээд ард иргэдийнхээ эсрэг босч байгааг хүртэл харж явлаа. Маш их зүйлтэй тулгарсан. Түүнийг эв зүйгээр хэлж яриад болдог асуудал биш. Тийм учраас хулгайгаар авсан юмыг хүчээр зайлуулахаас өөр аргагүй гэдгийг өдий хүртэл явж ирэхдээ ойлгосон.

Бид зөвхөн уул уурхайтай тэмцсээр байсангүй. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж олон удаагийн түймэрт явлаа. Онцгой байдлынхны ажлыг ямар хүнд хэцүүг яс мах, хөлс хүчээрээ мэдэрч байлаа. 2015 оны хавар гарсан зүүн бүсийн Хэнтий Сүхбаатар, Дорнодын түймэрт манай 20 гаруй залуус явж унтраалцсан. Батсүмбэр, Түнхэлийн түймэрт өнгөрсөн жил явлаа. Нөхөд маань талбай дээр ард иргэд яаж эх орныхоо төлөө нэгддэгийг харуулж хандив өргөж байсан. Түнхэл тосгонд 2 портер дүүрэн ачаатай очиж байлаа. Энэ бүхэн чинь эх оронч сэтгэлгээ. Үр хүүхдэдээ ирээдүй хойчдоо, дүү нартаа бүрэн бүтэн газар нутгийг үлдээх юмсан, байгаль орчныг хамгаалах юмсан гээд л явдаг. Бас л эх оронч сэтгэлгээний үзүүр юм. Бид бас лекц, семинарыг их дээд сургуулийнхан, жирийн ажилчдад олон удаа тавьж байлаа. Үнэхээр тогтолцоог өөрчлөх ёстойг л ухаарч байна.

-Та сонгуульд нэр дэвшиж байсан байх аа?

-Би өөрийн биеэр сонгуульд хоёр удаа бие даан өрсөлдөж үзлээ. Яагаад ч нам дагаагүй хүмүүс төрд орох боломжгүйг харсан. Яагаад төрд эрлийз хурлийз хүмүүс орчихдогийг биеэрээ мэдэрч харсан. Төрд нэр дэвшиж байгаа хүн иргэний үнэмлэхтэйгээ байхад л болдог. Тэр хүний 3 үеийн түүх намтар, ямар цустай, ямар угшилтай нь ерөөсөө хамаагүй. Өнөөдрийн гаж тогтолцооны бас нэг хэлбэр. Уг нь ядаж 3 үеийн намтар, архивын тодорхойлолттой байж Монгол Улсын их хуралд төлөөлөл болж ормоор юм. Тэгэхэд тийм юм байдаггүй. Зүгээр татварын алба, шүүхийн шийдвэрээс бичиг аваад аудитад мөрийн хөтөлбөрөө танилцуулаад нэр дэвших эрхээ авч байдаг. Ийм завхарсан гаж тогтолцоо байна. Тэгэхээр л өнөөдрийн тогтолцоог өөрчлөх нь зөв юм байна гэдэг нь яалт ч байхгүй бидний хувьд дунд нь чанагдаж байгаа хүмүүсийн хувьд энэ тэмцэл рүү орж байгаа юм.

-“Босоо хөх Монгол”-ын салбар орон нутагт байгуулагдаад эхэлсэн байсан.  Яагаад салбар байгуулах болов?

-Манай удирдах зөвлөлийн нөхөд ярилцаад “Босоо хөх Монгол” салбар зөвлөлийг байгуулаад нутаг орондоо эзэн нь байгаач гэдэг үндсэн дээр аймаг сум дүүрэг дээр салбар зөвлөлүүдийг байгуулж эхэлсэн. Одоогоор 14 аймаг, 6 дүүрэгт байгуулаад байгаа. Бид яахав олуулаа болж болно. Олуулаа болоод юуны төлөө юуг өөрчлөх юм, цаашдаа Монгол Улс яаж явах гэдэг дээр бидний зорилго маш тодорхой байх ёстой юм. Бид дуудсан газар бүрт хүрч ажиллаж чадахгүйгээс хойш байгаа газар дээрээ салбар зөвлөлөө байгуулаад үнэн зөв мэдээллийг бидэнд дамжуулах ёстой. Зарим нэг хүмүүсийн амаар хоосон юм руу явж байсан тохиолдол зөндөө байдаг. Хоёр уурхайн маргаан дээрээс хүртэл худлаа хэлээд дуудаж байсан удаатай. Олон залуус ар гэр, ахуй амьдралаа хаяад бензин тосоо зарцуулаад явж байгаа. Хамгийн анхны салбар зөвлөлийг 2015 онд Ноён уулын тэмцлээс үндэслэж Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулсан. Дараа нь Дорнод, Хэнтий, Дорноговь зэргээр байгуулагдсан.

-Салбар зөвлөлтэй болоод ирэхээр нутаг оронд уур амьсгал өөр болж байна уу?

-Намаас холдъё. Намаас илүү ард иргэд нэгдэхээр ямар хүчтэй, ямар шударга байдгийг харуулах гэсэн санаа. Тэгэхгүй бол залуус сум, багийнхаа иргэдийн хуралд гарахын тулд аль нэг нам руу дуртай, дургүй орж байна. Тогоонд нь чанагдаад ирэхээр хэчнээн зөв хүн байгаад итгэл үнэмшлээ алдаж байна. Итгэлээ алдвал сүг болдог, сэтгэлээ алдвал буг болдог гэдгийн үлгэр болчихлоо, монголчууд.

ААВ, ЭЭЖ МААНЬ МАШ ИХ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС БИЙ

-Иргэний нийгмийн нэг сул тал нь нам дагадаг, намын харъяанд оруулах жишиг харагдаад байдаг. Танай байгууллагад ийм тохиолдол хэр гарч байв?

-Бид нарын дундаас нам дагаад урваж шарваад явсан нөхөд байхгүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, анд нөхөд маань, дүү нар маань нам гэж хуучин шиг Цэдэнбал даргын үе шиг МАХН улсын бодлого хөгжлийг аваад явж байсан шиг биш. Өнөөдрийн нам бол төрийг барих бусдын гадаадын үндэстэн дамнасан корпорациудын зааварчлагаагаар хөдлөх, өөрсдийн эрх ашгийн төлөөх бүлэглэлийн нам болчихоод байгаа. Тэгэхээр монгол хүн бүр намаас зайлсхий. Энэ олон намуудыг төрөөс зайлуулж, УИХ-ыг тарааж  тогтолцоогоо өөрчилж шинэ шударга нийгмээр алхах ёстой юм шүү гэдгийг дахин дахин хэлмээр байгаа юм.

-Та анхнаасаа намд элсч байгаагүй юу?

-Ер нь би намд элсч байгаагүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай УИХ-ын гишүүн байх үед танай бүлгэм хамтран ажиллахаар боллоо гэсэн мэдээлэл цахим хуудаст гарч байсан. Ерөнхийлөгчийн ард танай бүлгэм байдаг гэсэн хардлага олон нийтэд байх шиг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-2014 оны долдугаар сард бид энэ хүнтэй уулзаж байсан. Тухайн үед Газрын тухай хууль, нарийн царигийн асуудал нэлээн дэгдээд байсан үе. Бид Газрын хууль, нарийн царигийн асуудлыг эсэргүүцээд тэмцэл хийж байсан үе. Тэр талаар бид уулзсан. Уулзаад санал бодлоо солилцоод явж байсан удаатай. Түүнээс биш Ардчилсан намд нь ч юм уу, ардчилсан холбоонд нь элссэн явдал байхгүй. Зүгээр эх оронч сэтгэлгээтэй хүн, зөв зүйлийн төлөө дуугарч байна. Энэ хүний үзэл бодлыг сонсох хэрэгтэй гэдэг үүднээс бид уулзаж байсан. Түүнийг олон жилийн дараа сөхөж гаргаад, үүний ард эд нар байдаг юм байна гэсээр байна. Энэ бол монголчуудын тархиных нь хэмжээ өчүүхэн болсны шинж. Шударга ёсны төлөө дуугарахаар үүний ард хэн байна вэ, нам байна уу, эрх мэдэлтэй хүн байна уу, гадна дотныхон байна уу гэж хардаг. Яг өөрсөд шигээ хараад байгаа юм. Өөрсдөө захиалгаар хөдөлдөг, хөлсний бичээчдийн ажил. Би дахин дахин хэлэхэд бидний ард нам эсвэл, сайд дарга нар байдаггүй. Бидний ард жирийн ард түмэн газар нутаг маань байдаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бид элдэв бусын нам эвсэлтэй хамтрахгүйгээр, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтраад явж байна.

-Та нутаг ус аль зүг вэ. Таны тэмцлийг гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авдаг вэ?

-Унасан газар гэвэл Улаанбаатар. Угшил яривал Увс аймгийн Хяргас сумын ойрад хүн. Миний аав, ээж хоёулаа Хяргасын баяд хүмүүс байдаг. Миний аав, ээж хоёр жирийн л нэг ажилчин ангийн хүмүүс. Маш их эх оронч үзэлтэй. Өнөөдрийг хүртэл бидний түүх соёл яаж өвлөгдөж ирсэн, ямар их үнэ цэнээр олдсон газар нутаг гэдгийг хүүхэд байхаас эхлээд ярьж хэлж ирсэн. Өнөөдөр миний аав, ээж 80 гарсан хүмүүс байдаг. Бидний хийж байгаа чуулган, жагсаал цуглаан өлсгөлөн тэмцэл бүгдэд нь тэд маань ирдэг. Манайхан ч таньдаг болчихсон. Та хоёр ирж хэрэггүй ээ, хүйтэн, салхи шуургатай байна гэхэд л нэг л мэдэхэд ирчихсэн хажууд явдаг хоёр хөгшин бий.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: News1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE