Өмнөд хил дээр юу болов?

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хилийн ойролцоо “Макс ойл” компани газрын тосны хайгуул хийж байгаа үйл явдал нутгийнхан болон үндэсэрхэг үзэлтэй залуусын бухимдлыг төрүүлээд байна. Ялангуяа газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд БНХАУ-ын иргэдийг ажиллуулахыг зөвшөөрсөн  Хил хамгаалах газрын даргын албан бичиг цахим хуудаст олон хүний эгдүүцлийг хүргэсэн.

ХХЕГ: 90 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨВ

Тус албан бичигт “Макс ойл ХХК-ийн ирүүлсэн албан бичгийн хавсралтад заасан Макс ойл ХХК-ийн ажилтан Монгол Улсын иргэн 26 хүн, 14 тээврийн хэрэгсэл, туслан гүйцэтгэгч Датон петролеум инженеринг энд ойлфийлд сервис” ХХК-ийн ажилтан Монгол Улсын иргэн 2, БНХАУ-ын иргэн 18 хүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт “Ар булаг 29” талбайд 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэл 90 хоногийн хугацаатай өрөмдлөгийн ажил хийх зорилгоор хилийн зурвас бүсэд ажиллахдаа зөвхөн хилийн ангиас тогтоон өгөх хэсэгт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөв” гэжээ.

Хилийн зурвас хэсэгт газрын тосны хайгуул хийхээр кемп барин өрөмдлөг хийж эхэлсэн гадны ажилчдын талаар ямар ч мэдээлэлгүй байсан Эрдэнэцагаанчууд төдийгүй бусад нутаг орныхонд Хил хамгаалах газрын даргын энэхүү зөвшөөрөл гал дээр тос нэмсэн үйл явдал болсон нь өнгөрсөн хугацаанд цахим ертөнцөд өрнөсөн үйл явдал харуулав.

Өөрөөр хэлбэл, хилийн бүсэд гадныхныг нэвтрүүлэх эрхийг төр засаг биш Хил хамгаалахын дарга өгдөг боллоо, Хилийн аюулгүй байдал алдагдлаа гэх мэтээр иргэд бухимдсан байр сууриа олноор илэрхийлэв.

Түүгээр зогсохгүй хэдхэн хоногийн өмнө Босоо хөх Монгол бүлгэмийн залуус Эрдэнэцагаан сумын иргэдтэй хамтран газрын тосны хайгуулын кемп дээр очин эсэргүүцлээ илэрхийлжээ.

    Г.ГАНХУЯГ: 399 ХУЖАА ХИЛ ЗӨРЧИН ДУРААРАА ДУРГИЖ БАЙНА

Энэ тухай тус бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг “399 хужаа хил зөрчин дураараа дургиж байна. Босоо хөх Монголчууд өнгөрсөн өдрүүдэд эх орныхоо торгон хилийн тийш яваад ирлээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас цааш 100 гаран км явахад хил дээр очно. МАКС ойл ххк гэгч компани нь Хужаагийн ДАТУН ххк нартай нийлж, хужаагийн 100% хөрөнгө оруулалттай компани хилийн торыг сэтлэн ухаж буй тухай сонсдоод байсан энэ удаа энд нүдээрээ харцгаалаа бид. Хилийн торыг тасалсан болон ухаж буй техник төрөөрөмжүүд харагдаж бна. Бид гараа алдлан зогсож буй хэсгийн цаад тал хил зөрчсөн үйлдэл мөн бөгөөд төмөр торыг таслан хаяжээ. Наанаас 15км Монгол хүн, мал зөвшөөрөлгүй дөхөж ч болохгүй хуультай мөртлөө 399 хужаа зөвшөөрөлтэй болчихоод дураараа дургиж байна. Шонгуудыг босгож зарим засвар хийлээ. Уртаашаа 200 км ыг хамарсан энэ эвдрэлийг төрөөс шийдэж төсөв өгөхгүй удаж байгаа юм бна. Аргаа барсан хилийн цэргийн … дугаар заставынхан хандив гуйж байж 70 км тороо зассан гэж хэлсэн. Мөн нутгийн ардууд мөнгөө нийлүүлж мотоциклууд хүртэл хилчиддээ авч өгч хариас хил зөрчүүлэхгүйн тулд чадлаараа тэмцэж байгаагаа хэлсэн. Биднийг очиж буй чимээг авсан хужаа нар сураггүй зугтан одсон байх бөгөөд буцаж явахад өөр замаар бидэнтэй зөрүүлээд хужаагуудаа зөөж байна гэх мэдээлэл ирсэн юм. Ганц хоёр уурхайн Монгол тал хариуцсан дарга нарт нь ( Ажлаа зогсоо ) шаардахад үг дуугүй захирагдан үйл ажиллагаагаа зогсоосон . ( Хэрвээ монгол хүн хятадын хилийн зурвас дээр ингэж ашиглалт хайгуул хийвэл юу болох бол. !!! Гэтэл бид ингэж хилээ оролдуулаад хүлцэнгүй үхээнц царайлаад л суугаад байх уу?!!! Хэн ч халдашгүй дархан хилтэй гээд л бахархаад л дуулаад явж байх хойгуур дурын муу хужаа Монгол баян нийлсэн цөөврүүд яг хил дээр ингэж дураараа дургиж буй асуудлыг бид хэзээ ч зүгээр орхихгүйг сануулья. Төрд шигдсэн хувалз новшнуудаа !!! Сайханбилэгийн засгийн газрын үед энэ лицензийг олгосон юм бна. Хилийн халдашгүй дархан байдал нтр алдагдсан байна шүү түмэн олон минь” гэсэн байв.

Энэ асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Ш.Баатарсүхээс зарим зүйлийг тодруулсан юм.

Ш.Баатарсүх: Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн хэсэгт одоогоор хилийн торон саадгүй

-Сүүлийн үед цахим орчинд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Макс Ойл” ХХК-ний талаар гарч байгаа мэдээлэлд тайлбар өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газраас 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр 337 дугаар тогтоол гаргаж, Газрын тосны хайгуулын “Ар булаг XXIX” талбайд үндэсний хөрөнгө оруулалттай “Макс Ойл” ХХК-тай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 2016 оны долдугаар сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Дээрх гэрээний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 оны наймдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулах 114 дүгээр тусгай зөвшөөрлийг 8 жилийн хугацаатай олгосон байна. Хил хамгаалах байгууллага нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд “Макс Ойл” ХХК-д Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслэж, хилийн зурвас, бүсэд нэвтрэх түр зөвшөөрлийг 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгосон.

-Хил дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад ямар хууль эрх зүйн үндсэн дээр зөвшөөрөл олгодог вэ?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн 25.2-тХилийн боомт, зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/97 тоот тушаалаар “Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 81 тоот захиргааны хэм хэмжээний эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөж байна.

Мөн хуулийн 26.2.2-т “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэн улсын хил дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид 26.2.3-т “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын Хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил үйлдвэрлэл явуулах” гэж заасны дагуу хилийн зурваст түр нэвтрэх зөвшөөрөл олгодог.

-Олон нийтийн сүлжээнд “Хилийн торыг тасалсан, аргаа барсан хилийн цэргийн дугаар заставынхан хандив гуйж тороо зассан” гэх агуулга бүхий мэдээлэлд тайлбар өгнө үү?

-Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн хэсэгт одоогоор хилийн торон саадгүй бөгөөд 1980-аад оны үед улсын хилийн шугамаас тодорхой зайд хилийн дагуу нутгийн гүнд татсан модон шон бүхий өргөст торон хашааны шонгууд тал хээрийн түймэрт шатсан юм. Ирэх хавар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт торон хашааг сэргээн засварлахаар бэлтгэл хангагдаад явж байна. Хилийн аймаг, сумдууд жил бүр хуулийн дагуу төсөвтөө хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий нэмэгдэл зардал тусгаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг явдлыг буруу ойлгож, ташаа тайлбарласан байна билээ.

-Хилийн зурваст Хятад иргэд ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэл үнэн, бодитой юу?

-“Макс Ойл” ХХК нь хайгуулын үйл ажиллагаагаа явуулах зорилгоор “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 106, 05 дугаар сарын 16-ны өдрийн 134 дүгээр тогтоолуудын дагуу БНХАУ-ын 23 иргэнийг ажиллуулж байсан. Гадаадаас ажиллах хүч авах, мэргэжилтэн урих, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэд Монгол Улсад оршин суух, бүртгэл болон түүнд хяналт тавих асуудлыг Гадаадын иргэн харьяатын газар тус тус хариуцан ажилладаг.

Б.Энхбаяр: Монгол Улсын хил тайван байна

Түүнчлэн энэ асуудлаар Хууль зүйн сайд асан “Монгол Улсын хил бүхэлдээ зогон татсан, хилийн багана, тор иж бүрэн стандарттай. Тэр дундаа урд хөрштэй хиллэж буй хил соц үеэсээ маргаан үүсгэхгүйн тулд хилийн тэмдэг, тор зогоон гэх мэт хилийн байгууламж сайн хийгдсэн” гэж цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн бол өнөөгийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Хилийн шугамнаас наана хилийн зурвас руу мал оруулахгүй гэж 30 жилийн өмнө татсан байсан модон баганатай тор. Гал түймэрт шатсаар байгаад төмөр тор нь үлдсэн. Тэрийг хрилийн багана мэтээр дуулиан тарьсан байна. Монгол Улсын хил тайван байна” гэжээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд олгосон газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайд:

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын 5 талбай нийт 39132. 5 км2 талбайг хамарсан байдаг. Үүнээс Макс-Ойл ХХК-нь Эрдэнэцагаан сумын хилийн зурваст “Арбулаг- XXIX” гэдэг А -888.8 км2 том талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийжээ. Арбулаг- XXIX талбайд: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халх гол сумд хамаарна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ: 2016.06.20 №:337
Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулсан огноо: 2016.06.20
Засгийн газрын тогтоол: 2016.06.20 №:337
Тусгай зөвшөөрөл олгосон огноо: 2017.08.29 №114
Хайгуулын хугацаа: 2016.06.20 – 2024.06.19
Байршил: Дорнод аймаг, Сүхбаатар аймаг
Гэрээлэгч: Макс-Ойл ХХК /Монгол/
Талбайн хэмжээ: А талбай-888.8 км2,Б талбай 898.2 км2
Хайгуулын ажлын хэмжээ:
Хайгуулын цооног: 1 цооног өрөмдсөн.
Наад захын ажил үүргийн хэмжээ: 26.4 сая.ам.доллар.
Нийт хөрөнгө оруулалт: 1,8 сая ам.доллар гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Энхзаяа

SHARE