“Ливерпуль”-“Наполи”-гийн тоглолтын өмнө Клопп болон Анчелотти юу хэлэв?!

Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтууд өнөө шөнө эхэлнэ. С хэсгийн гурван баг дараагийн шатанд шалгарах боломжтой хэвээр байгаа. Италийн “Наполи” 9, Францын “ПСЖ” 8, Английн “Ливерпуль” 6 оноотой яваа бол Сербийн “Црвена Звезда” 4 оноотой.

Сүүлчийн тойрогт “Црвена Звезда”-гийн талбайд “Парис Сен-Жермейн” зочлох бол “Ливерпуль” талбайдаа “Наполи”-той тоглох юм. “Улаанууд”-ын хувьд 1:0-ээр хожих юмуу эсвэл хоёр гоолын зөрүүтэй хожиж байж л дараагийн шатанд шалгарна. Өөрөөр хэлбэл, “Наполи”-д тэнцээ л хангалттай юм.

Тоглолтын өмнө “Ливерпуль”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп ийн өгүүлжээ.

“Сүүлчийн тоглолтыг талбайдаа хийх нь хамгийн сайн мэдээ юм. Мэдээж, амаргүй тоглолт болно. “Наполи”-д тэнцээ л хангалттай болохоор тэд биднээс илүү давуу байдалд байгаа нь ойлгомжтой. Тэд нэг гоолын зөрүүгээр хожигдлоо ч гэсэн хэсгээс шалгарах боломжтой. Харин бидний олзуурхах ёстой зүйл боломж байгаа нь юм. Боломжийг ашиглах л хэрэгтэй. Бид ашиглахыг хичээх болно. “Црвена Звезда” хүртэл хэсэгт тодорхой үүрэг гүйцэтгэлээ. Тэднийг ингэнэ чинээ хэн ч бодоогүй биз” гэж Клопп ярьжээ.

Түүнээс 2013 онд Италийн “Наполи”-д очих тун шахсан тухай нь лавлахад “Одоо би гурван жилийн гэрээтэй. Надад Итали таалагддаг. Итали хоол унд үнэхээр гайхамшигтай сайхан. Гэхдээ би итали хэлийг огт мэдэхгүй. Ноён Де Лаурентис аливаа зүйлийг нуулгүй ярьчихдаг нь сайхан хэрэг шүү. Ер нь жаахан чалчаа юм шиг байгаа юм. Би тэр явдлын талаар ярьж байсан удаагүй. Тэгэхээр Де Лаурентис л ярьсан хэрэг. Би тийш очоогүйдээ  олзуурхдаг. Тэнд Маурицио Сарри очсноор ийм шилдэг мэргэжилтэн болсон. Одоо Карло очлоо. “Наполи” улам л хүчтэй болж байна. Харин жнд би сэтгэл дүүрэн, клубын удирдлага ч надад итгэж буй учраас  бууриа сэлгэх санаа алга” хэмээн Клопп өгүүлжээ.

Тэгвэл “Наполи”-гийн ахлагч дасгалжуулагч Карло Анчелотти юу өгүүлснийг сонирхоё.

“Бид бага зэргийн давуу талтай. Одоогоор бүх зүйл зөв явж байна. Нэг ёсондоо бялуугаа бэлдчихсэн,одоо дээр нь интоороо л чимэглэх үлджээ. Биднийг ямар чухал тоглолт хүлээж буйг ухамсарлалгүй яахав. Хэсгээс шалгарахын тулд сүүлчийн алхмаа хийх цаг болжээ.

Энфилд”-ийн талаар надад дурсамж бий. Сүүлийн дурсамж маань их сайхан. Тэнд би “Челси”-тэй цом гардсан юм. Мэдээж, энэ удаад үзүүштэй, сонирхолтой хүнд тоглолт болно. Бид өөрсдийнхөөрөө л тоглоно. Автобус тавих гэвэл өөрсдийн хүч хөдөлмөр, зүг чигээ алдахад хүрнэ. Тэгээд ч бид тэгж тоглож сураагүй.

Бид өөрсдөө санаачлагыг авч тоглохыг хичээнэ. Манай залуус ч бүх хүчээ дайчлахад бэлэн байгаа. Бид довтлох гэж очно” хэмээн Карло Анчелотти мэдэгдсэн байна.

Тоглолтын Улаанбаатарын цагаар 04:00-д эхэлнэ. Өнөө шөнө Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд эхэлнэ. А, В, С, D хэсгийн байдал болон сүүлчийн тойргийн хуваарийг Улаанбаатарын цагт шилжүүлэн хүргэж байна.
.
01:55. “Шальке 04” Герман – “Локомотив Москва” Орос
01:55. “Галатасарай” Турк – “Порто” Португал
04:00. “Црвена Звезда” Серб – “Парис Сен-Жермейн” Франц
04:00. “Брюгге” Бельги – “Атлетико Мадрид” Испани
04:00. “Барселона” Испани – “Тоттенхэм” Англи
04:00. “Монако” Монако –“Боруссиа Дортмунд” Герман
04:00. “Ливерпуль” Англи – “Наполи” Итали
04:00. “Интер” Итали – “ПСВ Эйндховен” Голланд

News1.mn Р.Гэгээ

SHARE