Макрон нийгэм, эдийн засгийн онц байдал зарлалаа

Францын Ерөнхийлөгчийн Эммануэль Макрон өчигдөр ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр улс даяар нийгэм, эдийн засгийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдэлдээ дурьдав.

Францад бензиний үнэ оны өмнөхөөс 7.5 хувиар, дизелийн үнэ 15 хувиар нэмэгдсэн нь Францын нэг өрхийн сарын зардлыг 100-225 еврогоор нэмсэн гэсэн тооцоо гарчээ.

Түлшний үнэ болон татвар ийнхүү нэмэгдсэн нь францчуудын дургүйцлийг төрүүлж, улмаар арваннэгдүгээр сарын дундаас эхлэн Парис зэрэг олон хотод эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Жагсаалд оролцогчид шар хантаазаар жигдэрсэн тул “Шар хантаазтнууд” гэж нэрлэгдсэн юм.

Сар орчмын хугацаанд 4500 гаруй жагсагчид баривчлагдснаас одоогоор 4100 орчим нь хоригдсон хэвээр байгаа ажээ. Гэвч Францын хотууд дахь “Шар хантаазтнууд”-ын жагсаалд оролцогчдын тоо улам бүр нэмэгдэж, нийтдээ 136 мянган хүн жагсаалд байнга оролцож байгаа гэсэн тоо гарсан юм.

 “Шар хантаазтнууд” заримдаа цагдаа нартай мөргөлдөж, дэлгүүрийн шилэн хоргыг хагалж, худалдааны цэгүүдийг эвдлэн сүйтгэж, гудамжинд машин галдан шатаах мэтээр эмх замбараагүй байдал улам гаарсан тул Эммануэль Макрон зарим талаар буулт хийхэд хүрлээ.

“Ямар ч татвар, үнийн бодлого ард түмний эв нэгдлийн энд хүрэхгүй. Би Францын ард түмний уур бухимдлыг харлаа, мэдэрлээ” хэмээн Ерөнхий сайд Эдуард Филипп мэдэгдээд түлшний үнийг дахин нэмэхгүй гэдгээ зарлажээ.

Харин Эммануэль Макрон “Цагдаа нар руу дайрч халдаж , худалдааны цэгүүдийг эвдлэн сүйдэлж байгаа үйлдлийг уур хилэнгээр хаацайлан өмгөөлөн өнгөрч хэрхэвч болохгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бидэнд бий. Гэхдээ би Франц улсын ард иргэд та бүхний төлөө л бүхнийг хийж байгаа. Манай улс сүүлийн 40 жилийн турш эдийн засгийн уналтад орсоор ирсэн. Уналт зогсоож, эрчимтэй урагшлах замыг би сонгосон” гэж мэдэгдээд 2019 оны эхний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 еврогоор нэмэхээр болсноо мэдэгдлээ.

Мөн сарын 2000 еврогоос бага орлоготой иргэд, байгууллагад татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болсноо зарлажээ.

Ард иргэдийн дургүйцлийг ихэд төрүүлсэн бас нэгэн зүйл бол маш өндөр орлоготой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн “тансаглалын татвар”-ыг багасгасан нь юм. Тэгвэл Макрон үүнийг тайлбарлахдаа “Маш өндөр орлоготой хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс өндөр татвар авч эхэлснээс тэд зүгээр л Францаас улсаас гарч явчихаад байсан тул зөв энэ нь шийдвэр биш гэдэг ойлгомжтой болсон” гэж мэдэгджээ.

Эммануэль Макроны мэдэгдэл болон буултыг “шар хантаазтнууд” хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байна.

Харин Эммануэль Макрон нийгэм, эдийн засгийн онц байдал зарласан нь өөрийн бодлого, хөтөлбөрөөс бүрэн ухарсан бус харин ч цаашид улам бүр эрчимтэй хэрэгжүүлэх боломжийг нээж өгсөн явдал байж магадгүй гэж олон улсын тоймчид дүгнэж байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE