81 эмэгтэйг хөнөөсөн “Ангарын гаж донтон” цагдаа байжээ

ОХУ-ын Иркутск /Эрхүү/ мужид 1992-2010 оны хооронд 16-40 насны 81 эмэгтэйг хөнөөсөн гэмт хэрэгтнийг хэвлэлээр “Эрхүүгийн гаж донтон алуурчин” гэж нэрлэсэн ч илрүүлж чадаагүй өдийг хүрсэн ажээ.

Тэгвэл олон аймшигт хэрэг үйлдсэн гаж донтон этгээд нь цагдаа байсныг саяхан илрүүлжээ. Цагдаагаар ажиллаж байсан Михаил Попковыг байцаан шалгахад хэргүүдээ хүлээсэн байна.

Попков өөрөө цагдаа байсан тул хэргийн ул мөрийг хэрхэн арилгахыг маш сайн мэдэж байсан аж. Зөвхөн цогцсыг л үлдээж, аллагад хэрэглэсэн эд зүйлээ олон километрийн цаана аваачиж хаядаг байснаа мэдүүлжээ.

Алуурчны дүр төрхийг гэрчлэх нэг ч хүн байгаагүй тул гэмт хэрэг илрүүлэх орчин үеийн шинэ арга болох сэтгэлзүйн хөргийг гаргаж, эрэн сурвалжилснаар илрүүлж чадсан гэнэ. “Сэтгэлзүйн хөрөг ч гэж бараг л толь шиг юм даа. Одоо тэр хөргийг хэрэгтэнтэй харьцуулахад бараг 100 хувь таарч байна. Попковын гадна төрх, дотоод ертөнц гээд бүгд таарч байгаа. Сэтгэлзүйн хөргийг гаргахдаа “Дотогшоогоо түгжигдмэл зан авиртай, гэрсэг, хууль сахиулах байгууллагад ажилладаг, хөдөлмөрч, олон талт авьяас чадвартай, спортлог, бие галбир сайтай, эхнэртэй, нэг юмуу хоёр хүүхэдтэй” гэж тэмдэглэсэн юм. Энэ бүхэн яг таарсан” гэж Эрхүү мужийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан Евгений Карчевский өгүүлжээ.

Михаил Попков баривчлагдаад өгсөн мэдүүлэгтээ “Миний үед хэрэгтнийг сэтгэлзүйн хөргөөр илрүүлнэ гэх зүйл байгаагүй болохоор л би баригдлаа” гэж хэлсэн ажээ.

Михаил Попков нь хөндлөнгөөс харвал бараг төгс эр гэж хэлж болохоор нэгэн гэнэ. “Архи уудаггүй, тамхи татдаггүй, спортоор хичээллэдэг, гэр бүлдээ халамжтай. Манай эрчүүд ямар билээ дээ. Гэтэл ийм эелдэг сайн эр гэнэт гараад ирэхээр эмэгтэйчүүд их татагдсан нь гарцаагүй. Тэгээд ядаж байхад бас цагдаагийн мөрдэстэй гэж байгаа” гэж мөрдөгч өчжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE