Стерлинг баримт дэлгэн, нөхцөл байдлыг илчлэв

Цагтаа “Арсенал”, “Челси”-д тоглож явсан хамгаалагч Эшли Коул хэдэн хоногийн өмнө “Рахим Стерлинг рүү Их Британийн хэвлэлүүд ямар их дайрч давшилдаг юм бэ? Энэ залуу талбайд ажлаа сайн хийж байна. Гэтэл шүүмжилж, гоочлох нь хэрээс хэтрэх юм. Энэ бол цэвэр арьс өнгөнөөс нь болж ялгаварлан гадуурхаж буй үзэгдэл. Би ч хөлбөмбөгч байхдаа иймэрхүү зүйлийг арьсаараа мэдэрч явлаа” гэж өгүүлсэн нь бий.

Тэгвэл Рахим Стерлингийн тэвчээр алдарсан бололтой. “Стэмфорд Бридж”-д уржигдар тоглоход өрсөлдөгч багийн фанатууд түүнийг “f**king black c**t, f**k off”, “f**k you, you c**t” гэх мэтээр хараан доромжилсон тул арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг жирийн фанатууд бус харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн гэмгүй мэтээр өдүүлж, турхирч байдгийг Стерлинг жишээн дээр баримттайгаар дурьджээ.

“Челси”-тэй хийсэн тоглолтын үеэр хүмүүс над руу юу юу гэж хараан хашгирсныг би хэлж чадахгүй. Зөвхөн инээмсэглээд л өнгөрөхөөс аргагүй. Гэвч өнгөт арьстай хөлбөмбөгч залуусын талаар хэвлэл мэдээлэл ямархуу өнгө аястайгаар бичиж буйг хараарай. Тэгээд цагаан арьст залуусын талаар юу бичиж буйтай харьцуулж үз.

Цагаан арьстай залууг олон нийтэд сайн сайхан талаас нь харуулна. Харин өнгөт арьст залууг хар муу талаас нь харуулах гэнэ. Ийм л гарчиг, мэдээллүүд хүмүүст арьс өнгөөр ялгаварлан гадуурхах сэдэл санааг өгдөг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид хаанаас бий болдгийг мэдэхгүй мэт яваа сонин хэвлэлийнхэнд хандая. Та бүхэн эхлээд шударга ёсны тухай бодооч. Хөлбөмбөгчдөд бүгдэд нь ижил тэгш, алагчлалгүй хандацгаая” хэмээн Стерлинг өгүүлжээ.

Одоо Стерлингийн жишээ болгосон хоёр мэдээллийн тухай хальт дурьдая. Эхнийх нь өнгөт арьст залуу хөлбөмбөгч Тосине Адабрабиойогийн тухай: “”Манчестер Сити”-гийн долоо хоногийн 25 мянган паундын цалинтай 20 настай залуу хөлбөмбөгч Премьер лигт ганц ч тоглолтод гараагүй хэрнээ 2.25 сая паундаар харш худалдан авчээ”.

Хоёр дахь мэдээлэл нь цагаан арьст хөлбөмбөгч Фил Фодений тухай: “Манчестер Сити”-гийн мандаж буй од Фил Фоден ээждээ зориулан 2 сая паундаар шинэ байшин худалдан авлаа”.

Багийнхаа хоёр залуу хөлбөмбөгчийн талаархи хоёр мэдээллийн гарчгийг ийнхүү Стерлинг жишээ болгон дурьдаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн сэдэл санааг сонин хэвлэл хэрхэн түгээдгийг харуулжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE