Салах: Би Милнерийн шагналыг авахгүй ээ!

Английн Премьер лигийн 16 дугаар тойрогт “Борнмут”-ыг талбайд нь “Ливерпуль” 0:4-ээр бут ниргэлээ. Энэ тоглолтод египет довтлогч Мохамед Салах хет-трик хийж, зүй ёсоор тоглолтын шилдгийн шагналыг гардсан юм. Гэвч тэрбээр тоглолтын дараагаар шилдгийн шагналаа Жеймс Милнерт өгчээ. Учир нь Милнерийн хувьд Премьер лигийн 500 дахь тоглолт нь байлаа.

“Би гурван гоол оруулж, бид хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Мөн хаалгандаа гоол алдсангүй. Үүнээс илүү юм гэж юу байхав. Сүүлийн гоол дээр би хэрсүү тоглож оруулсан минь их гоё байлаа.

Надаас маш ихийг хүсч хүлээж буйг би мэднэ. Гэхдээ баг хожих нь үүнээс чухал. Бид магнайд явах ёстой.

Милнерийн 500 дахь тоглолт юм уу? Милнерийн гайхалтай ойд баяр хүргэе. Өнөөдрийнх шиг тоглолт олон байна гэж найдья. Би Милнерийн шагналыг авахгүй ээ” гэж Салах өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE