Роналдо өөрийгөө Роналдотой харьцуулав

Бразилын домогт довтлогч Роналдо өөрийг нь байнга Криштиано Роналдотой харьцуулан ярьдаг тул энэ удаад бодлоо хэлчихье гэж шийджээ. Тэр юу өгүүлснийг сонирхоно уу.

“Хэн нь жинхэнэ Роналдо вэ? гэх яриа надад хөгжилтэй инээдтэй гэмээр санагддаг. Би нэг л зүйл хэлье. Энэ бол ямар ч утгагүй яриа. Бид хоёр хоорондоо дэндүү өөр.

Нэгд, бид хоёр насны зөрүүтэй. Есөн насны зөрүү гэдэг хоёр өөр үеийнх гэсэн үг. Тэгээд ч хөлбөмбөг сүүлийн үед их өөрчлөгдөж байна. Би өөрийнхөө үеийг илүү хэцүү байсан гэх мэтээр ярихыг хүсэхгүй байна. Криштиано бид хоёр өөр өөрийн үедээ өөр өөр багт тоглож, өөр өөрийн замаар явсан.

Гэхдээ бид хоёрт нэг ижил шинж чанар байдаг нь гоол оруулах их хүсэл. Роналдо одоо 33 настайдаа ийм гайхалтай тоглож буй нь зүгээр тохиолдол биш ээ. Ийм их хүсэл тэмүүлэлтэй хөлбөмбөгч ховор шүү. Өөрийгөө байнга хөгжүүлж, биедээ үргэлж анхаарч, мэргэжлийн хөлбөмбөгчийн үүргээ ингэж ухамсарлана гэдэг ховор чанар.

Бэлтгэлд хандах тал дээр бид хоёр их өөр. Би бэлтгэл хийх ёстой болохоор л хийдэг байлаа. Харин Криштиано бэлтгэл хийх дуртай болохоороо хийдэг” хэмээн Роналдо өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE