Карлсен: Каспаров, Крамник хоёрт тэнэг бодлоо хэлэх эрх чөлөө нь бий

28 настай Норвегийн их мастер Магнус Карлсен дэлхийн шатрын аваргын хаан титмээ гурав дахиа амжилттай хамгааллаа. АНУ-ын их мастер Фабиано Каруанатай хаан титмээ хамгаалж 12 өрөг тоглохдоо бүгдэд нь тэнцэж нэгэн уйтгартай гэмээр дээд амжилтыг тэд тогтоосон. Ялангуяа сүүлчийн 12 дахь өрөг дээр байрлал, цагаар илүү хэрнээ тэнцээг санал болгон, дэлхийн аваргын хувь заяаг тай-брэйкээр шийдвэрлэх боломж руу түлхсэн нь ихээхэн шүүмжлэл, эргэлзээ төрүүлсэн юм.

Гэлээ ч тэрбээр түргэвчилсэн тоглолтод Фабиано Каруанагаас чансаагаар ч, бодит байдал дээр ч хавьгүй илүү болохоо харуулж гурав дараалан хожсоноор ойрын хоёр жилдээ хаан титмээ хадгалан үлдлээ.

Магнус Карлсений 12 дахь өрөгт тэнцээ санал болгосны дараа дэлхийн аварга Владимир Крамник “Дэлхийн аваргын эрэмбэ чанарыг ч бодсон, зүгээр хүн ёсны хувьд ч энэ бол байж болшгүй үйлдэл” гэж шүүмжилсэн бол дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров “Ийм таатай боломжит нөхцөлд тэнцээ санал болгоно гэдэг нь Карлсен тэвчээрийнхээ нөөцийг барчихсныг илэрхийлэл” гэж дүгнэсэн юм.

Хаан титмээ хамгаалсных нь дараа нь Каспаров болон Крамникийн шүүмжлэлийн тухайд юу бодож буйг нь асуухад “Яахав, тэд өөрсдийн тэнэг бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн нь тэр биз” хэмээн Карлсен хариулахад хэвлэлийн бага хуралд оролцогчид алгаж ташиж дэмжжээ.

Гэхдээ Карлсен өөрийгөө мөн шүүмжилсэн байна. “Олонхийн хүсэн хүлээсэн найруулгаар тоглолт өрнөөгүйг би ойлголгүй яахав. 11 дүгээр өрөгт миний хувьд байдал амаргүй болох үед ядаж тэнцчихье гэж бодсон. Тэгээд дараагийн өрөгт ч бас ямар ч байсан тэнцэе гэж шийдсэн юм. Энэ бол миний далд ухамсар надад хэлсэн гаргалгаа байлаа” гэжээ.

Түүнээс Дэлхийн аваргыг тай-брэйкээр тодруулах нь зөв шийдвэр эсэхийг лавлахад “Тай-брэйк бол сонгодог шатар дээр үзүүштэй хандлагыг бий болгож өгнө. Учир нь хоёр шатарчны нэг нь тай-брэйкт хүрэлгүй ялагчийг шийдэхийг хүсэх нь эргэлзээгүй. Гэхдээ сонгодог шатрын урдуур юмуу дундуур тай-брэйкийг оруулж, үзүүштэй байдал үүсгэж огт болохгүй. Бас нөгөө талаас нь өгүүлбэл, тай-брэйк байх ёстой. Энэ бол өөрийнхөө давуу талыг харуулах бас нэг боломжийг шатарчинд олгож буй хэлбэр” гэж Карлсен хариулжээ.

2013 онд Магнус Карлсен дэлхийн аварга болчихоод хувцастайгаа бассейн рүү үсэрч баяраа тэмдэглэсэн удаатай. Энэ удаад яаж баярлахыг нь асуухад “Одоогоор сэдсэн зүйл алга. Дахиад хоёр жил байгаа болохоор ямар нэг зүйл бодоод олчих цаг байна. Үнэнээ хэлэхэд, сүүлийн хоёр жил би нэг их сайн тоглосонгүй. Тиймээс Фабианотой тулсан маань өөрийгөө зөв тийш чиглүүлэхэд их нэмэр боллоо” хэмээн өөртөө шүүмжлэлтэй ханджээ.

“Дэлхийн аваргын төлөө халз тоглосон шатарчдаас Фабиано хамгийн хүчтэй, хэцүү өрсөлдөгч байлаа” гэж Магнус Карлсен өгүүлснээр хэвлэлийн бага хурлаас гарч одсон байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE