Л.Болд: Төрийн дээр аливаа нам, бүлэглэлийн эрх ашиг байх ёсгүй

АН-ын Үндсэн дүрмийн өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцсоноо мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх, Л.Болд, Д.Мурат нарт дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм.

Тэднийг намын бодлогын эсрэг байж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг авч үлдэх санал өгч дүрмээ зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Тэгвэл энэхүү хариуцлага хүлээсэн гишүүд эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Намын бүлгийн дээрх шийдвэрийг би ойлгохгүй байгаа. МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр намаасаа хөөгдлөө. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь  зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэсэн. Харамсалтай нь, би буруу зүйл рүүгээ зүтгэсэн гэдгээ ойлголоо. Би МАНАН-гийн төлөө зүтгээгүй ээ.  Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний  хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа. Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэж байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно” гэсэн юм. Тэрээр энэхүү мэдэгдлийг хийсний дараа цахим хуудсаараа дамжуулан  УИХ дахь АХН-ын бүлгээс гарч байгаагаа дахин мэдэгдлээ. Тус мэдэгдэлд “Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу төрийн дээр аливаа нам, бүлэглэлийн эрх ашиг байх ёсгүй. Миний бие хууль дээдлэх ёсыг баримтлан нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж Засгийн газарт хариуцлага тооцохоос өмнө УИХ-ын даргад эхлээд хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ баттай зогсох болно. Ардчилсан намыг удирдаж буй хүмүүсийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарч буйгаа АН-ын бүлгийн даргад мэдэгдлээ” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE