ЖДҮ-дсэн сайд нар хариуцлага хүлээж эхэллээ, Н.Цэрэнбат яах вэ?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая Төрийн ордонд цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл  хийлээ.

Тэрээр “ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг шийдвэрлэж Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх мөн томилох үйл явцыг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг хуулийн заалттай. Хоёрдугаарт, БСШУСС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллаж байгаа Засгийн газраа огцруулах санал гаргасан. Тиймээс Ц.Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг мөн Ерөнхийлөгчид хүргүүлж байна” гэв.

Ингээд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан сайд нар хариуцлага хүлээж эхэллээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын хамаарал бүхий этгээд буюу түүний эхнэрийн эзэмшдэг “Эпато анарваан” ХХК-ийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас 3 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Энэ тухай ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Миний хамаарал бүхий этгээд хууль журмынхаа дагуу зээл аваад эргээд төлсөн нь үнэн. 30 ажлын байр бий болгоод ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн. “Эпато анарваан” ХХК-ийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгөөр эрхэм сайдын эхнэр Б.Мөнгөнцэцэг”Epato Anarvaan” хэмээх төрсний дараах эх, нярайн сувиллыг байгуулжээ. Тансаг зэрэглэлийн буюу үйлчилгээний үнэ өндөртэй гэдгээрээ гайхагддаг тус эмнэлэгт төрсөн эмэгтэй хүүхэдтэйгээ 7 хоног сувилуулахад дундажаар 2,9 сая төгрөг төлдөг байна. Энэ тухай баасан гаригийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Билэгт шүүмжилж байсан. Ямартаа ч энэ үйлдэлдээ гэмшсэн Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар албан тушаалаа өгөхөөр болсноо өнөөдөр ийнхүү зарлалаа. Үүнийг ЖДҮХС-аас зээл авсан сайд нар, УИХ-ын гишүүд хариуцлага хүлээж эхэллээ гэж харж болно.

Тэгвэл улс төрийн соёлтойгоор хариуцлага хүлээх дараагийн хүн хэн бэ?

ЖДҮХС-аас нэг биш нэлээд хэдэн удаа зээл авсан баримт ар араасаа ил болсон эрхэм бол Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат юм.

Тэрээр “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” гэсэн компанийнхаа нэр дээр ЖДҮХС-аас 600 000 000 төгрөгийн зээл авсан баримт олон нийтэд ил болсон. Түүний дараа дахин “Баян таван тэс” ХХК-ийн нэр дээр 250 000 000, “Баруун загвар” ХХК-ийн нэр дээр 160 000 000 төгрөгийн зээл авсныг нотлох баримтууд ил болжээ.

Улс төрийнх нь карьер 2 жил гаруйхан хугацаанд үргэлжилж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд эдгээр баримт дэндүү ахадсан, олон нийтийн бухимдуулсан үйл явдал байсныг өнгөрсөн өдрүүдийн уур амьсгалаас харж болно.

Дээрээс нь утаа бууруулах нэрийдлээр улсын төсөвт 54 тэрбум төгрөг суулгаж янданд шүүлтүүр тавихаар болсон нь эрхэм сайдын бизнес хэмээх хардлага одоо ч тасраагүй байгаа.

Монголын ард түмэнд хуваарилагдсан мөнгөнөөс хамаарал бүхий 4 компаниараа хумсалж, дээрээс нь утаа бууруулах нэрээр зарцуулсан хөрөнгө нь  үр дүнгээ өгөхгүй байгаа өнөө үед албан тушаалаа өгөх зам л Н.Цэрэнбат сайдад үлдээд байна.

Улс төрийн тогоонд олон жил чанагдсан ах нар нь эхнээсээ албан тушаалаасаа татгалзаж эхэллээ. Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ёс зүйн хариуцлагаа хүлээж улс төрийн карьераа үргэлжлүүлэх үү, хараар будах уу гэдгийг харах л үлдлээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE