Боксыг Токиогийн олимпийн наадмын төрөлд оруулахаас татгалзав

Олон Улсын Олимпийн Хорооноос 2020 оны Токиогийн олимпийн наадмын төрөлд боксыг багтаахаас татгалзжээ. ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаас ийм шийдвэр гаргасан байна.

AIBA буюу Олон Улсын Боксын Холбоо бие даан үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадавхитай эсэхэд ОУОХ эргэлзэж, өөрсдийн бэлэг тэмдэг, далбаан дор тэмцээн явуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглолоо. Өөрөөр хэлбэл, AIBA нь Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын тэмцээнийг зохион явуулах эрхгүй болсны зэрэгцээ олимпийн наадмын төрөлд боксыг багтаах эсэх нь нэн эргэлзээтэй болж ирэв.

AIBA-гийн ерөнхийлөгчөөр Узбекистаны иргэн Гафур Рахимовыг томилсон нь асуудлын бас нэгэн эх үүсвэр болсон юм. Гафур Рахимовыг АНУ-ын Сангийн яамнаас хэдэн жилийн өмнө “Ах дүү нарын тойрог” нэртэй хар тамхи болон дээрмийн бүлэглэлийн толгойлогч гэж зарлаж байсан удаатай юм.

ОУОХ-ны зүгээс AIBA-д санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ тодорхойгүй хугацаагаар зогсоож, тэмцээн уралдаан зохиох эрхийг нь хасчээ.

Бокс 1904 оны олимпийн наадмын төрөлд анх багтаснаас хойш 1912 оны Стокгольмын олимпоос бусад зуны бүх олимпийн төрөлд багтсаар ирсэн түүхтэй.

news1.mn Р.Гэгээ

SHARE