Экс сайдуудын хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн  прокурорын газраас Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал,

Н.БАТБАЯР, Б.ГАРАМГАЙБААТАР НАР “МОНРОУД”-ЫН ХЭРГЭЭР БУРУУТГАГДАВ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний  хохирол учруулсан хэргийг хуулийнхан шалгаж эхэлсэн юм. Тэгвэл прокурорын байгууллагаас Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

М.СОНОМПИЛД “ХОТГОР ЗАМ” ХХК-ААС ХАХУУЛ АВСАН ХЭРГЭЭР ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Түүнээс гадна Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг албан тушаалын байдлаа урвуулан “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Түүгээр зогсохгүй “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

ШАДАР САЙД Ц.ОЮУНБААТАР ХҮҮГИЙНХЭЭ ХАМТ ШҮҮХИЙН ТАНХИМД ДУУДАГДАХ НЬ

Нийслэлийн прокурорын газрынхан Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шадар сайд Ц.Оюунбаатар “Тэмээн поло” тэмцээнийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150.000.000 төгрөгийг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагджээ. Энэ хэрэгт Ц.Оюунбаатараас гадна түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE