Хабиб Нурмагомедов: Конорыг ялагдлаа хүлээхэд би сэтгэлээр уначихсан шиг л болсон…

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга, ОХУ-ын Дагестаны тулаанч Хабиб Нурмагомедов нэгэн нэвтрүүлэгт уригдан оролцож, өөрийнхөө талаар ний нуугүй ярьжээ. Ярилцлагын зарим хэсгээс хүргэе.

Флойд Мейветертэй тулалдах эсэх талаар:

  • Өв хөрөнгө, өрсөлдөөн, алдар нэрийн тал дээр би Мейветертэй хийх тулааныг хүсч байгаа. Аваргыг хэрхэн ялагдахыг харахыг хүмүүс хүсдэг шүү дээ. Мейветерийн тулааныг яагаад өндөр үнээр авдаг гээч? Яагаад гэвэл тэр 50 тулаанд ганц ч ялагдаагүй. Бид хоёр тулвал хүмүүс бүр их сонирхоно. Учир нь хоёулаа ялагдаагүй хүмүүс. Хэн нэг нь заавал ялагдах болно. Харин хэн гэдэг нь үнэхээр сонирхолтой.

Тулааны үеэр Конор Макгрегортой ярилцсан талаар:

  • Үгүй ээ, октагон дотор би түүнтэй олон юм яриагүй. Би хувьдаа тулаандаа л анхаарсан. Тэр яасныг мэдэхгүй. Яахав “За, одоо нөгөө олон үгээ хэл дээ” гэсэн тал бий. Гэтэл тэр урдаас “Энэ чинь бизнес шүү дээ” гэж бувтнасан. Тэр намайг тайвшруулж, ирийг минь хариулах гэж тэгж хэлсэн биз.

Октагон давж харайсан тухайд:

  • Жил хагасын өмнө Краснодарт бид очсон юм. Тэгэхэд манай Тагир Уланбеков тулаан хийж ялахад бид бүгдээрээ октагон руу харайн орж баяр хүргэсэн. Үүнийхээ төлөө шагналынхаа 30 хувийг хасуулж байлаа. Тийм ээ, сахилга бат их чухал. Тухайн үед аав намайг дахиж октагон руу харайн орж болохгүй гэсэн. Гэвч октагоноос харайн гарах тухай юм хэлээгүй. Харин одоо би цаашид октагон руу харайн орох юмуу эсвэл харайн гарч болохгүй болсон.

Конор Макгрегорыг ялагдлаа хүлээхэд төрсөн бодол:

  • Конор ялагдлаа хүлээж гараараа товшиход сэтгэлээр уначих шиг л болсон. Хэдэн мянган хүн дэмжихээр ирчихээд байхад тэгж бууж өгч байдаг гэж бодогдсон. Дараа нь өөрийгөө тийм мундаг тулаанч гээд яриад байх хэрэггүй л дээ. Би дараа нь бүр биед нь хүрэхээс ч цэрвэсэн. Тулаан хийхээр гарсан юм бол эцсээ хүртэл үзэлцэх хэрэгтэй шүү дээ. Түүнийг намайг товшиход “Иймхэн зүйлийн төлөө ингэж их бэлтгэл хийсэн гэж үү?” хэмээн эрхгүй бодогдсон.

Хүмүүжлийн талаар:

  • Би үндсэндээ дэвжээн дээр өссөн хүн. Аав гэртээ спортзаал байгуулчихсан байлаа. Тэгээд байнга л тэндээ байдаг. Аавыгаа харж, дагаж, бахархаж өссөн. Ер нь хүүхдүүд завтай байх ёсгүй. Сургуулиас гадуур бүх цагаа би бэлтгэлд зарцуулсан. Өсвөр насны хүүхдүүд аварга болох хүсэл мөрөөдөлтэй ч гэсэн үеийнхэнтэйгээ зугаалж, наргимаар санагддаг. Харин тэр насандаа би аавынхаа хатуу дэглэм дор байлаа. Үүний ачаар л амжилтад хүрсэн. Аливаа зүйлд амжилт гаргахыг хүсвэл өөрийгөө 100 хувь зориулах хэрэгтэй.

Аавынхаа тухай:

  • Одоо ч би аавын өөдөөс үг сөргөдөггүй. Намайг авч шидэж, яаж л бол яаж болох ганц хүн бол аав. Мэдээж, заримдаа санал нийлэхгүй тал байна. Гэхдээ аавын шаардлагыг би үргэлж биелүүлдэг. Аав минь “Би энийг чадахгүй” гэж боддоггүй. Би ч гэсэн үүнийг нь дууриахыг хичээдэг. Аав минь жирийн нэг тулаанч биш. Их сургууль төгссөн, тосгоны дарга явсан. Байнгын бэлтгэлтэй тамирчин. Үргэлж бидэнд цаг зав гаргаж, магтан сайшааж, буруутган шүүмжилж, засч залруулж ирсэн. Хамгийн сүүлд 18 настай байхдаа аавдаа худлаа хэлээд би сайн шийтгүүлсэн. Яаж шийтгэсэн бэ гэж үү? Надтай хэд хоног юу ч дуугараагүй.

Конор Макгрегорын тухай:

  • Тулаан бүрийн өмнө зохих ёсоор сандардаг. Гэхдээ би Конорыг хараад “Бид хоёрыг хурдхан тэр торонд хийгээдхээсэй. Хэн хэн нь гэмтэхгүй байж байгаад торонд хамт орчих юмсан” л гэж бодож байсан. Тэрний хэлсэн үг хэнд хамаатай юм бэ? Жингэр хуцаж л байдаг шүү дээ. Гэхдээ тэр миний дайсан биш өрсөлдөгч. Бууж өгнө гэдэг надад байхгүй үзэл. Би хэзээ ч бууж өглөө гэж товшихгүй. Харин тэр хөөрхий хэд хэдэн удаа ингэсэн. Тэр хэцүү үед бууж өгдөг хүн.

Мөнгөний талаар:

  • Анхны том шагналаараа би аавдаа автомашин авч өгч байлаа. Харин үлдсэнийг нь бага багаар үрээд дуусгасан. Миний мөнгө ер нь найдвартай газар байдаг. Ах маань миний кассчин болохоор тэр шүү дээ. Ах Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн юм. Тархи нь булчингаасаа илүү хөгжсөн хүн дээ. Сайн хүнд мөнгө байвал их ашигтай. Өөрийнхөө тухай хэлээгүй юм шүү. Ерөнхийд нь хэлж байгаа юм…

Дашрамд сонирхуулахад, Хабиб Нурмагомедовын намтар ном мөдхөн худалдаанд гарах юм билээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE