Түүхт өдрийг Төрийн 3 өндөрлөг ингэж дүгнэж байна

Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ хэмээн зарлан тунхагласан түүхт өдөрт тохиож байна. Энэ өдрийг Төрийн 3 өндөрлөг ингэж дүгнэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Монгол улсаа тунхагласан өдөр биш

‪-Өнөөдөр Монгол улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол улсаа тунхагласан билээ.

‪Харин Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ.

УИХ-ын дарга М.Энхболд: Явцуу зорилготой аливаа үйлдэлд автахгүй байхыг уриалж байна

-Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 94 жилийн ойн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улсын анхдугаар их хурал хуралдаж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан Ази тивийн анхны улс түмний нэг болсон билээ.

Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ.

Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, Монголоо гэсэн зүрх сэтгэлд оршиж байдаг.

Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр

-Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол улсын, эрх чөлөөт иргэд, элэг нэгт ахан дүүс ээ.

Та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Хүн төрөлхтний сонорт эрх зүйт төрт ёсны тусгаар Монгол улсаа тунхаглан зарласан түүхт өдрийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

Одоогоос 94 жилийн тэртээ гадаад дотоодын дарлал, хаант засаглал, хамжлагат ёсноос салсан Монголчуудын, чин зоригт, холч мэргэн өвөг дээдсийн тунхаглан зарласан тусгаар тогтнолыг “Усан дээр ассан гал” буюу байж боломгүй үзэгдэл хэмээн дэлхийн орнууд гайхан дүгнэсэн байдаг. Тэртээх 1924 оны Шинэ үндсэн хуулиараа тунхагласан Монголчууд бидний тусгаар тогтнолыг үе үеийн эх орончдын олон удаагийн цөхөршгүй оролдлого, хичээнгүй зүтгэлээр 37-н жилийн дараа буюу 1961 онд хүн төрөлхтөн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Улс гэрээ тунхагласан энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр билээ.

Эрх зүйт төрийн өлгий болсон Монгол улсын иргэд ээ.
Цэвэр тунгалаг, цэгц шударга Монгол төрийг төлөвшүүлэх үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс гэрийнхээ хөгжил дэвшил ирээдүйн төлөө итгэл төгс хамтдаа хичээн зүтгэцгээе.

Буурал дээдсийн цог хийморь түшиж
Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг өнөд ивээх болтугай.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE