Намайг хурдхан алаад өгөөч! – Роберто Бажогийн түүх

1993 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Италийн алдарт довтлогч Роберто Бажогийн намтрыг товчлон бэлдлээ.

Золиос

2000 оны тавдугаар сарын 23-нд “Интер”-“Парма”-г 3:1-ээр хожиход Роберто Бажо дубль хийж, багтаа ялалт авчирлаа. La Gazzetta Dello Sport Бажогийн энэ тоглолтыг байж болох 10 онооноос 10 гэж үнэлсэн юм. Энэ бол жирийн нэг тоглолт биш. Аваргуудын лигийн эрхийн төлөөх халз тоглолт байв. “Интер”, “Парма” Сери А-д оноо тэнцчихсэн тул Аваргуудын лигийн эрх авахын төлөө нэмэлт тоглолт хийсэн нь энэ. Буффоны хаалганд хоёр гоол оруулж “Интер”-ийг Аваргуудын лиг рүү хөтөлчихөөд Бажо өөрөө харин даруухан “Брешиа” руу яваад өгчээ.
Бүгд гайхсан. Гэвч үүнээс ч илүү түүх цаана нь нуугдаж байж. Италийн алдартай дасгалжуулагч Марчело Липпи тэгэхэд “Интер”-ийг удирдаж байлаа. Тэр хэвлэлээр бол “Бажод би боломж олгоно” гэж эерэг үг хэлнэ. Харин үнэн хэрэгтээ бэлтгэл дээр хичнээн гялалзлаа ч нөөц рүү л “шидээд” байв. Улирлын эхний хагаст Бажог ердөө 111 минут л тоглуулжээ.
Иван Кордоба тэсэлгүй хэвлэлд ярилцлага өгөхдөө “Яагаад Бажог гаргахгүй байгаа юм бол? Тэр бэлтгэл дээр гайхалтай байгаа шүү дээ” гэж хэлсэн удаатай. Марчелло Липпи клубын тогооч нарт “Бажогийн захиалсан хоолыг зөвхөн миний зөвшөөрөлтэйгээр л олгож байгаарай” гэж лүндэн буулгасан удаатай юм билээ.
Яагаад Липпи Бажог ингэж үзэн ядаж, буланд шахах болсныг олон нийт хожим мэдсэн юм. Баг дотор хэн өөрийг нь муулж, шүүмжилж буйг байнга дуулгаж байхыг Липпи Бажогоос хүсчээ. “До яамны алтан хошуу зөөгч”-ийн дүрд хувирахыг Бажо хүссэнгүй. Ингээд л Липпигийн “хорхойтой араанд” зуугдаж.


Улирлын хоёрдугаар хагаст ч Бажог тун цөөхөн гаргалаа. Роналдо хүнд гэмтэл авч, Кристиан Вьери мөн гэмтсэнээр улирлын төгсгөлд өөрийг нь аварч чадах ганц хүн нь Роберто Бажо болохыг Липпи эрхгүй ойлгожээ.
“Парма”-тай хийх тэр тоглолтын өмнө “Интер”-ийн ерөнхийлөгч Массимо Моратти Бажог дуудан уулзсан байна. Тэр ингэж хэлж. “Хэрвээ “Парма”-д бид хожигдвол би Липпиг хална” гэж. Улирлын турш өөрийг нь өөнтөглөж, талбайд гарах боломж олгоогүй Марчелло Липпиг Бажо хөнгөхөн чадчихаж чадахаар боломж олдсон нь энэ. Гоол оруулахгүй л бол Липпи ажлаасаа халагдана!
Гэвч Роберто Бажо тэгсэнгүй. Ганц Липпиг дөнгөхийн тулд тэр “Интер”-ийн фанатууд болон багийнхныхаа сэтгэлийг харлуулахыг хүссэнгүй. Ингээд л 10-аас 10 оноо авахаар хэмжээнд тоглож, хоёр гоол оруулчихаад “Интер”-ээс яваад өгч. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө золиос болгоод ийнхүү “Интер”-ээс оджээ.
“Бид нэг хаалгыг нээхдээ өөр нэг хаалгыг хааж байдаг. Энэ бол хүний амьдрал байнга золиос шаарддаггийн хамгийн том жишээ. Гэхдээ золиос гэдэг муу зүйл биш. Хүний онгойлгож орсон тэр хаалга бол хувь заяа нь юм. Энэ бол тэр хүний амьдралынх нь утга учир. Ямар хаалгыг онгойлгосноор тэр хүний ирээдүй тодордог” хэмээн Бажо өгүүлсэн байдаг.

Пенальти

Роберто Бажо хөлбөмбөгчийн замналдаа олон арван удаа пенальти цохисон. Үүнээс 86 хувийг нь амжилттай гүйцэтгэсэн нь итали хөлбөмбөгчдийн дундаа тухайн үедээ хамгийн өндөр хувьд тооцогдож байв. Ер нь пенальти алддаггүй гэж ойлгож бараг болно. Бажо тухайн пенальтийн талаар ийн дурссан нь бий.
“Тэр явдал нүдний өмнө байнга харагддаг. Нүдээ аньсан ч харагдана. Оюун санааны багш маань ДАШТ-ий өмнө надад хэлсэн юм. “Чи сүүлийн секундэд ялж ч мэднэ, ялагдаж ч мэднэ” гэж. Тэгээд тэр сүүлийн секунд ирсэн. ДАШТ-ий байж болох хамгийн сүүлчийн секунд. Шувтаргын тоглолтын үндсэн болон нэмэлт цагт тэнцэж, сүүлчийн пенальти гүйцэтгэх тэр сүүлчийн секунд.


Яагаад бөмбөг тэгж дээш дүүлснийг би хэлж мэдэхгүй. Би пенальти бараг алддаггүй. Бие муу, бэлтгэл тааруу байлаа ч гэсэн хэзээ ч пенальтийг хаалга давуулж цохиж байгаагүй. Хаалгач аль нэг булан руу унана, би хаалганы голд дээхнэ цохино гэж тооцсон. Гэвч бөмбөг хэн нэгний үл үзэгдэх гарт ойсон мэт хаалга даван ниссэн. Бразилчууд бол агуу Айртон Сенна/ДАШТ эхлэхээс сар хагасын өмнө уралдааны замд амь үрэгдсэн Бразилын алдарт нисэгч/-гийн гар бөмбөгийг удирдсан гэдэг юм билээ. Тэр цохилтын дараагаар надад зовиур шаналангаас өөр юу ч үлдээгүй. Тэр зовиур шаналанг би одоо ч гэсэн сэтгэлдээ тээж амьдардаг” хэмээн Бажо өгүүлсэн юм.
Бажо пенальтийг амжилттай гүйцэтгэсэн бол дараа нь бразил тоглогч цохиод оруулж бас л дэлхийн аварга болох боломж байсан. Гэхдээ Бажогоор ДАШТ дуусахгүй байх байлаа.
1993 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн Роберто Бажо 1994 оны тэр ДАШТ дээр багаа чирсээр шувтаргын тоглолтод хүргэснийг олон хүн дурсдаггүй хэрнээ тэр пенальтийг л байнга ярьдаг. Нэг талдаа арга ч үгүй биз. Гэхдээ эргээд нэг дурсая. Шувтаргын тоглолт хүртэл Бажо юу бүтээснийг.
Италийн шигшээ хэсэгтээ нэг хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтойгоор Мексик, Ирландын дараагаар гуравт бичигдсэн ч нэмэлт үзүүлэлтийн буянаар хасагдах шатанд оролцох эрх авав. Италийн шигшээ хэсэгтээ тааруухан тоглодог нь бараг уламжлал болчихсон зүйл тул үүнд гайхах хэрэг үгүй шахам.
Ингээд шөвгийн 16-нд Нигеритай таарлаа. Амунике нэг гоол оруулж Нигери хожиход тун дөхөм болов. Гэвч 89 дэх!!! минутад Роберто Бажо тэнцээний гоолыг оруулж, нэмэлт хоёр үе сунгууллаа. Үүнийхээ дараагаар 102 дахь минутад пенальти амжилттай гүйцэтгэн багаа шөвгийн наймд хүргэв. Италийн фанатууд Бажог 89 дэх минутад гоол оруулахаас өмнө сэтгэлдээ бол бараг нутаг буцчихсан байв. Гэвч Бажо тэдэнд дахин найдлага бэлэглэж, үлдээлээ.


Шөвгийн наймд Испанитай таарч, 1:1-ээр тэнцэж явахад 88 дахь!!! минутад дахиад Роберто Бажо хожлын гоолыг орууллаа. Хагас шигшээд тэр ДАШТ-ээр галзуурсан Болгартай тулав. Роберто Бажо 21 болон 26 дахь минутад гоол оруулснаар баг нь 2:1-ээр хожиж, ДАШТ-ийн шувтаргын тоглолтод шалгарсан билээ.
ДАШТ-ий хасагдах шатны гурван тоглолтод таван гоол оруулна гэдэг Роберто Бажо хэн байсныг нотлоод өгнө. Гэвч эцэст нь тэр пенальти…
Роберт Бажо гэхдээ тэр пенальтийг дандаа зовиурлан дурсдаггүй. Он цагийн эрхээр шарх нь бага зэрэг аньж, одоо наргиа хийхтэйгээ болжээ. “Тэгэхэд бөмбөг хаалганаас гадна бас стадионыг даваад явчихсан болохоор алга болчихож. Италид гэрт маань цагдаа нар ирсэн байна. Бөмбөг хайхаар нэгжлэг хийх гэнэ” хэмээн тэр өгүүлсэн удаатай.
Бажо Италийн хөлбөмбөгийн түүхэнд гурван ДАШТ-д гоол оруулсан ганц хөлбөмбөгч билээ. Мөн ДАШТ-д 9 гоол оруулсан үзүүлэлтээр итали хөлбөмбөгчдөө тэргүүлдэг.

Сүүдэр

Роберто Бажогийн хөлбөмбөгийн замнал бол одоогийн реклам дундуур кино үзнэ гэдэг шиг гэмтэл дундуур тоглосон түүх юм. 1985 онд “Виченца”-гаас 18 настай Роберто Бажог “Фиорентина” 1.5 сая ам.доллараар худалдан авахаар боллоо. Тэд “Сампдори”, “Ювентус” зэрэг багийг өрсөлдөөнд ялж, Бажог авсан байдаг. Гэвч тавдугаар сард “Виченца”-гийн төлөөх сүүлчийн тоглолтдоо Бажо өвдгөндөө хүнд гэмтэл авлаа. Өвдөгний чагтган холбоос тасарчээ. Энэ хүнд гэмтлийг одоогийнх шиг 6-8 сард эдгээчихдэггүй байсан юм. Тиймээс Бажо дахин талбайд гартлаа жил хагас болов. 1986 оны есдүгээр сарын 21-нд анх удаагаа “Фиорентина”-гийн төлөө талбайд гарлаа. Гэвч гурван сарын дараагаар дахиад л өвдөгний чагтган холбоос тасарч, олон сараар эмчилгээ хийлгэх болов.
“Одоо энэ залуу хөлбөмбөг тоглохгүй ээ!” гэж эмч шулуухан хэлж. Гэлээ ч Бажо гэмтэлтэй тэмцэж, давж сурсан нэгэн гэдгээ харуулсан юм. Гэвч урьдынх шиг хурдтай гүйх боломжгүй болсон байжээ.


“Би үнэндээ хөлбөмбөгийн талбайд хүссэнээрээ, чаддагаараа хэзээ ч гүйж байгаагүй. Учир нь тэр хүнд гэмтлүүд намайг тийм чадваргүй болгосон. Өвдгөндөө би зургаан удаа хагалгаа хийлгэсэн. Хоёр удаа зүүндээ, дөрвөн удаа баруундаа… Тухайн үед хагалгаа хийнэ, эдгээнэ гэдэг одоогийнх шиг тодорхой зүйл байгаагүй. Өвчин намдаагч хийх гэхээр би харшилтай болохоор болохгүй. Айхавтар өвчин зовиур мэдрээд эхлэхээр хүн үхэхээ л боддог юм билээ. “Надад хайртай юм бол намайг хурдхан алаад өгөөч” гэж би ээж рүүгээ хашгирч гуйсан удаатай. 220 оёо тавиулчихаад хэвтэж байхад ямар байдгийг би мэднэ. Хоёр долоо хоногт 12 кг жин гээж, турж эцэж ч үзсэн. Гэмтчихээд юу ч идэхгүй, уйлж шаналсаар тэр шүү дээ” гэж Бажо өгүүлсэн байдаг.
“Би сэтгэлийн хаттай, эргэж босно, тоглоно гэж өөртөө итгүүлэхийг хичээнэ. Гэхдээ хүн үнэхээр дуртай, мөрөөдөлтэй бол түүнийгээ биелүүлэхийн тулд ямар ч саадыг давдаг гэдгийг би гэрчилнэ” хэмээн тэр нэгэн ярилцлагадаа нотлон хүүрнэжээ.
“Намайг баруун хөлдөө массаж хийлгэж байгааг сонссон хүн бол зогтусан айна. Их хачин чимээ гардаг юм. Яг л салж унаж байгаа юм шиг. Зовиур бол хэзээ ч арилахгүй. Тэгэхээр аль ч тоглолт, бэлтгэл хамгийн сүүлийнх байх магадлалтайг би мэддэг байлаа. Хүмүүс сайн мэддэггүй болохоор “Бажо юм чинь босоод ирнэ ээ” л гэдэг. Гэвч надад ямар хэцүү байсныг хэзээ ч мэдэхгүй” хэмээн Бажо өгүүлжээ.
Хожим “Ювентус” болон “Брешиа”-д тоглож байхдаа ч Бажо дахин хүнд гэмтэл авсан байдаг. Гэвч Бажо юм чинь босоод л иржээ.

“Ювентус”

“Фиорентина”-д таван улирлыг өнгөрүүлэхдээ Роберто Бажо фанатуудын хувьд бурхан шүтээн нь болсон байв. Гэвч түүнийг “Ювентус”-т 25 тэрбум лир буюу найман сая паундаар 1990 оны зун зарсан юм. Энэ нь тухайн үедээ дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ болов.
“Фиорентина”-гийн фанатууд Роберто Бажог мөнгөнд дурлаж явлаа гэж буруутгах хэрнээ хайртай баг нь үнэндээ хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй их мөнгөний дүнг сонсоод хормойгоо дэвссэнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Хожим Бажо хэлэх болно “Би үлдэхийг хүссэн. Гэвч надаас хамааралгүйгээр шийдчихсэн байсан” гэж.


Ингээд Бажо “Ювентус”-ынх боллоо. Туринд тэрбээр таван улирлыг өнгөрүүлэхдээ Дэлхий болон Европын шилдэг хөлбөмбөгчөөр 1993 онд нэрлэгджээ. Гэвч дахиад л Марчело Липпитэй зөрчилдсөний улмаас “Милан”-д зарагдсан юм. “Ювентус”-аас явах болсон шалтгааныг мөн тус клубын ерөнхийлөгч Аньеллигийн эхнэртэй холбох нь бий. Аньеллигийн нас ахисан эхнэр гэнэт хөлбөмбөгт дуртай болж, Робертог зүгээр байлгахаа больсон гэдэг. Бажо настай ахайтны саналд татгалзсан хариулт өгсний дараагаар “Ювентус” түүнд шинэ гэрээ санал болгосон ч цалинг нь гурав дахин бууруулахаар заасан байж. Алессандро Дель Пьеро ч талбайд гарах хугацаагаа хүлээж ядаж байсан цаг.
Бажо ч явахаар шийджээ. “Эндэх миний хугацаа дуусч байна. Клубын удирдлага ингэж хандана чинээ санасангүй” гэж Бажо мэдэгдсэн байдаг.
“Милан”-д очоод гавьсангүй. Нөөцөнд суугаад бараг таарлаа. Гэхдээ л хоёр өөр багтайгаар хоёр жил дараалан Италийн аварга болсон гэх нэртэй болж авчээ.

Будда

Бажо Будда шүтдэг. “Би Будда шүтдэг. Гэхдээ би Будда биш Бажо” гэж хэлсэн нь ихэд алдаршсан юм. Дорнын шашинд шимтэх болсон нь эргээд өнөөх гэмтэлтэй холбогдоно.
“Би католик шашинтай гэр бүлд төрсөн. Флоренцод анх очихдоо гэмтэлтэй байсан болохоор сэтгэл тогтворгүй, хэцүү үе таарсан. Миний нэг найз будда судалдаг. Тэр намайг нэг удаа тийш дагуулж очсон. Эхэндээ ч би зүгээр л “Дараа ирнэ ээ” гэчихсэн юм. Гэвч гурав хоногийн дараа яг надад таарах шашин юм гэдгийг мэдэрсэн. Бүх зүйл болохоо болиод эхлэхээр хүмүүс бусдыг буруутгаж, өөрийгөө өрөвдөж, золиос мэтээр хардаг гэдгийг би буддагаас мэдэж авсан.

Энэ хувь заяаныхаа эзэн нь би гэдгээ ойлгосон. Түүнээс хойш өөрийнхөө зовлонг бусдад тохохоо больсон. Бүтэлгүйтчихээд буруугаа бусдад тохох хэрэггүйг ухаарсан. Бусдыг буруутгаж буй хүн бол цаг хугацаагаа дэмий л алдаж байгаа хэрэг. Хувь заяа гээч нь үргэлж тухайн хүний өөрийнх нь л гарт байдаг” хэмээн Роберто Бажо ярьжээ.
Тэрбээр Буддын шашины Японы нэгэн урсгалыг даган шүтдэг юм билээ.

Товчхон

Роберто Бажо 1967 оны хоёрдугаар сарын 18-нд Италийн Кальдоньо тосгонд мэндэлжээ. Роберто найман хүүхэдтэй айлын зургаадахь нь. Эцэг нь Италийн нэрт хөлбөмбөгч Роберто Беттегагийн нэрийг түүнд өгчээ.
Тэрбээр эхнэр, гурван хүүхэдтэй. Олны өмнө бараг гардаггүй. Виченца дахь гэртээ амгалан амьдардаг аж. Жилдээ ганц хоёр удаа л зурагтаар гарахаар хэмжээний үйл явдалд оролцоно. Газар хөдлөх юмуу байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар л олны өмнө гардаг хүмүүс түүний тухай ярих нь бий. Нобелийн шагналтнуудын тусгай хорооноос Роберто Бажог удаа дараалан сайн санааны үйлсэд хандив өргөсөнд нь талархаж, Оны шилдэг сайн үйлстнээр нэрлэж байжээ.
2000 онд XX зууны шилдэг хөлбөмбөгчдийг тодруулах санал асуулга явагдахад Пеле, Марадона, Эйсебиогийн дараагаар дөрөвт бичигдсэн байдаг.
Сонирхолтой нь Бажогийн оролцсон ДАШТ-д Италийн шигшээ баг гурвууланд нь пенальтиар хожигдсон.


Роберто Бажо хөлбөмбөгчийн замналаа “Брешиа”-д өндөрлүүлсэн юм. Түүнийг хүндэлж “Брешиа” 10 дугаараа дархалсан байдаг.

Замнал:
1982—1985. Виченца 36 тоглолт (13 гоол)
1985—1990. Фиорентина 94 (39)
1990—1995. Ювентус 141 (78)
1995—1997. Милан 51 (12)
1997—1998. Болонья 30 (22)
1998—2000. Интер 41 (9)
2000—2004. Брешиа 95 (45)
Нийт: 488 тоглолт (218 гоол)
Италийн шигшээ:
1988—2004: 56 тоглолт (27 гоол)

news1.mn Р.Гэгээ

SHARE