22 настай Такакэйшо Кюүшюү башёд түрүүллээ

2018 оны сүүлчийн Кюүшюү башёд комүсүби Такакэйшо 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэмцээний сүүлчийн өдөр Такакэйшо озэки Такаясү нар тус бүр 12 даваа 2 унаатай гарч ирсэн. Гэвч Такакэйшо өрсөлдөгч Нишигикиг давсан бол озэки Такаясү сэкиваке Митакеумид ялагдсан. Ингэснээр 22 настай Такакэйшо Японы Эзэн Хааны цомыг анх удаагаа хүртлээ.

Кюүшюү башёд ёкозүна Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд нарын гэмтлийн улмаас барилдаагүй бол ёкозүна Кисэносато эхний дөрвөн өдөр дараалан ялагдаад гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон.

Такакейшо 1996 оны наймдугаар сарын 5-нд төрсөн. Аав нь ёкозүна Таканоханаг шүтэн бишрэгч тул хүүдээ Таканобу Сато гэх нэр хайрлажээ. Таканобу таван настайгаас каратэгээр хичээллэж, харин найман настайдаа сумогийн дугуйланд орсон байна. 15 настай Бүх Японы дунд сургуулийн сурагчдын сумогийн аварга болж, 2014 онд өсвөрийн сумогийн дэлхийн аваргын алдрыг хүртжээ. Тус тэмцээний дараагаар Таканохана түүнийг өөрийн дэвжээндээ авсан байна. Таканохана шавьдаа өөрийн дэвжээний нэрийн эхлэл болон мөн өөрийн шүтэн биширдэг баатар Уэсуги Кагэкацугийн нэрийг нийлүүлэн Такакейшо гэх нэрийг өгсөн байна.

Такакейшо сумогийн доод зиндаанаас жюүрёо хүртэл ердөө арван башёд дэвшин гарч ирээд 2016 оны арваннэгдүгээр  сарын башёд жюүрёо зиндаанд түрүүлснээр Макүүчи зиндаанд дэвшсэн юм. Ийнхүү 22 настай залуу Такакэйшо мэргэжлийн сумод 26 башё барилдаж эхний түрүүгээ хүртлээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE