Францын Бөхийн Холбоо өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоов

Францын Бөхийн Холбоо өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. 2017 онд Францын нийслэл Парист чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ийг зохион явуулсан. Эхэндээ ДАШТ-ий зардлыг 1.1 сая еврогоор төсөвлөсөн ч алан хядах үйл ажиллагаанаас сэргийлэх шаардлага гарсан гэх мэт нэмэлт асуудлуудаас болж зарлага 4.5 сая еврод хүрчээ.

Гэтэл тасалбарын орлого тооцсон хэмжээнд нь ойртоо ч үгүй аж. Ингэснээр Францын Бөхийн Холбоо ихээхэн хэмжээний өрөнд орж, банкууд зээл өгөхөөс татгалзжээ. Одоо эхэлж өрөө төлж байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой болсон гэнэ. Мөн Францын чөлөөт, сонгомол бөх уналтад орж, ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүй ч нөлөөлж буй бололтой.

Гэвч сүүлийн үед 20 настай Кумба Ларок хэмээх шинэ залуу бөх гарч ирснээр Токиогийн олимпийн наадмаас горьдлоготой гэж тооцож байна. Гэтэл Бөхийн Холбооны үйл ажиллагааг зогсоосон тул Кумба Ларок нарын зэрэг ирээдүйтэй бөхчүүд бэлтгэлээ базаах боломжгүй болчихоод байгаа ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE