Юун сагс, тэр бөхийн дэвжээ рүүгээ яв! – Сослан Андиевийн түүх

Олимпийн хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга алдарт бөх Сослан Андиев 67 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Сослан Андиевийн талаар бөх сонирхогчдодоо нийтлэл хүргэе.

Сослан хүү дунд сургуульд байхдаа сагсанбөмбөгч болохыг мөрөөддөг байжээ. Ингээд сагсанбөмбөгийн дугуйланд явах гэтэл толгойтой бүхэн түүнд нэгэн үгийг хэлсэн гэдэг. “Юун сагс вэ? Андиевийнхан ч бөхчүүд шүү дээ! Тэр бөхийн дэвжээ рүүгээ эртхэн яв” гэж. Ингээд Сослан аав, бас хоёр ахынхаа замыг дагахаас өөр аргагүй болжээ.

Зургадугаар ангидаа 85 кг татдаг үлэмж биетэй, мяраалаг хүүгийн ирээдүй ингэж шууд бөхийн дэвжээ рүү чиглэлээ.

Түүний эцэг Петр Андиев 2 метр 18 см өндөртэй, 136 кг татдаг нүсэр том эр байсан гэдэг. Бас зүгээр байхгүй ноцолдоно. Хойд Кавказын аварга ч болж явсан аж. Ер нь Хойд Осет бөхчүүдээрээ зартай. Тэгвэл Осетид Андиевийн гэр бүл алдартай ажээ. Геннадий, Сергей хэмээх хоёр ах нь бас барилдана. Тэгэхдээ шаггүй сайн барилдаж, улсын аварга ч болж явж. 1971 онд Андиевийн гурван хүү улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн тавцанд насныхаа дарааллаар зогссон юм. Бөхийн түүхэнд ийм гайхалтай тохиолдол урьд өмнө, энд тэнд таарч байсан тухай дуулаагүй санагдана. Нэг айлын гурван хүү ингэж нэгэн улсын бүх хүчитнүүдийн өмнө зогсоно гэдэг үнэхээр гайхалтай.

Хоёр дахь Медведь

Алдарт Александр Медведь зодог тайлж, анх удаагаа шүүгчээр дэвжээний дэргэд суусан үе буюу 1973 оны ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 20 настай Сослан Андиев анх түрүүллээ. Энэ хүртэл ах Геннадий нь түүний уяа сойлгыг тааруулж байж. Харин жиндээ тэргүүн бөх болсноор  Сосланыг нэрт дасгалжуулагч Юрий Шахмурадов гар дээрээ авлаа. Өөрөөр хэлбэл, Андиевийн бага хүү улсынхаа шигшээ багт багтсан нь тэр. Тегеранд тэд тэмцээн оролцох явцад иранчууд “Хоёр дахь Медведь” гэж түүнийг нэрлээд амжиж. Сослан бараг 2 метр орчим өндөр нуруутай хэрнээ ердөө 112 кг жинтэй. Жин нь түүнийг яагаад ч хүнд жингийн бөх гэх сэтгэгдлийг төрүүлэхгүй. Харин багадаа шохоорхож асан сагсанбөмбөгч болох хүсэлтэй илүү дөхөм гэмээр харагдуулдаг байлаа. Гэлээ ч тэр өрсөлдөгчдөө Андиевийнхан удмаараа бөхчүүд гэдгийг ээлж дараалан ойлгуулж, жингээрээ ааглаж, харцаараа олзлох гэсэн олон бөхийг үг дуугүй ялсаар байлаа. Ингээд 1976 он Монреалийн олимп болоход Сослан ЗХУ-ын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн хоёр удаагийн аварга хэмээх сүрдмээр тодотголтой болж чадсан байв.

 Крис Тейлорыг нураасан нь

Шигшээ багт ороод тун удаагүй байтал болсон нэгэн явдлыг олимпийн тухай дурсахаас өмнө өгүүлье. 1973 онд Сослан багийнхныхаа хамт АНУ-ын бөхчүүдтэй барилдахаар Толидогийн Дэлхийн цомыг зорьжээ. Уг нь Охайо мужийн Толидо хот бөхөд тэгж их шимтэж, бааз суурь нь батжсан газар биш. Гэхдээ л Толидогийн их сургуулийн спорт зааланд Жозеф Скальзо хэмээх эрхэм удаа дараалан багийн Дэлхийн цомыг явуулж байсан удаатай. Энэ удаагийн багийн цомд АНУ-ын бөхчүүдийн эсрэг “ах нар” тун тааруу ноцолдсон юм. Ингээд хоёр багийн аль нь ялахыг эцсийн барилдаан буюу Сослан Андиев, Крис Тейлор нар шийдэх болжээ. Крис Тейлор гэж хэн байсныг манай ахмад бөхчүүд андахгүй дээ. Түүнийг жин дээр гарахад 220 кг-ийг заадаг байсан юм. Үлэмж биет Крисийн эсрэг барилдах Сослан 20-той, тэгсэн хэрнээ хоёр дахин бага жинтэй. Хөндлөнгөөс харахад “Хөөрхий дөө, яаж энэ хүүхэд уул овоо шиг амьтныг барахав дээ” гэж толгой сэжмээр. Гэвч АНУ-ын бөхчүүдтэй ана мана барилдаж, зайлшгүй ялах шаардлагыг ЗХУ-ын шигшээ багийн удирдлага ч бус бүр улсын жолоо атгагчид хатуу тавьдаг байсан цаг. Ингээд Сослан дэвжээнд гарчээ. Мюнхений олимпоос хүрэл медаль хүртсэн Тейлор мөдхөн мэргэжлийн бөх болохоор шийдээд байж. Мэргэжлийн бөхөд орохынхоо өмнө энэ тэмцээнд сайн барилдах хүсэл нь оргилж байжээ. Яг л танк шиг санагдах Тейлорыг Сослан дээш харуулж чадсан гэдэг. Дахиад хэдэн секунд байсан бол бүр цэвэр ялах ч байсан гэж тухайн үед “ах нар” хэвлэлээрээ ихэд бахдан бичсэн байдаг. Харин дасгалжуулагч Юрий Шахмурадов энэ барилдааны тухай “Сослан Тейлорыг энгийн мэхээр ялж дийлэхгүй байсан. Тиймээс тэр хурдаа ашиглаж, санаанд оромгүй мэх хийх хэрэгтэй болсон Тэгээд ч түүнийгээ хийж чадсан нь бахдалтай” гэж ярьсан байдаг. Ингэж Сослан шигшээ багтаа нэрээ дархалж, дэлхий дахинд бас нэгэн хүчтэн гарч ирснийг батлан харуулсан байна.

 Олимпийн дэвжээнд босоо чигээрээ

1976 онд Андиевийн бөх удмын нэрийг олимпийн хуудаснаа алтан үсгээр бичих зорилготойгоор Сослан Монреалийг зорилоо. Аав, ах нарынхаа шийрийг хатаасан залуу энэ үед аль хэдийнэ дэлхийн аварга болчихсон байж. Одоо зөвхөн олимпийн аваргын л алдар хэрэгтэй. Тэр олимпийн дэвжээнээ зургаа барилдахдаа дөрөвт нь цэвэр ялж, хоёрт нь оноогоор илүү гарч чаджээ. Аваргын алтан медалийн төлөө түүнийг БНАГУ-ын бөх Роланд Герке хүлээж байсан ч түүнийг 22:9-өөр ялсан байдаг.

Харин 1980 он Москвагийн олимпод тэр багийнхаа ахлагчаар оролцсон нь түүнд хэр их итгэл найвар хүлээлгэж байсныг гэрчилнэ. Москвад тэр таван ялалт байгуулснаар олимпийн аваргын алдрыг хоёр дахиа хүртсэн юм. 1984 онд Лос-Анжелесийн олимпод барилдахаар зэхэж, бэлтгэлээ бүрэн базаасан байсан ч соцлагерийн улсууд хөрөнгөтний хотод тэмцээнд оролцохгүй гэснээр амжилтын тоогоо ахиулах боломжоо алдлаа.

 Би ямар нүүрээрээ төрөлх нутагтаа очих вэ!

Мехикогийн дэлхийн аваргын үеэр Сослан өнөөх Геркед гэнэт даруулчихаж. Хичнээн мостлоод энэ хашир, нүсэр бөхийн дороос гарна гэдэг үлгэр мэт. Үзэгчид Сосланыг хэрхэн ялагдахыг харахаар суудлаасаа өндөрзөж эхэлжээ. Дасгалжуулагч Шахмурадов гартаа барьсан алчуураа амандаа зуучихаад хашгирч элдвийг хэлээд ч нэмэргүй гэсэн янзтай. Андиев хичнээн мундаг бөх байлаа ч ийм даралтнаас яаж гарахав дээ гэсэн бодол бүгдийн толгойд орж байсан биз. Дахиад хэдхэн секунд болоход ялалт Геркегийнх болно. Харин Сослан цэвэр даруулах нь тэр. Гэтэл гайхамшигт явдал боллоо. Гэнэт Андиев бүх хүчээ шавхан зүтгэж, өнөөх гарцаагүй цэвэр даралтаас гарч чадлаа. Чанга хашгираад даралтнаас гарахаар зүтгэсэн Сосланыг хэдэн секундын дараа өмнөөс нь өрөөд зогсоход Герке бүр гайхаж орхиж. “Ийм юм байж болмооргүй юм!”. Хожим Сослан тэр хүнд даралтнаас хэрхэн гарсан тухай ийн дурсжээ “Мостлож байхад надад төрөлх гэр орон маань харагдсан. Бүх бага нас маань нүдний өмнө жирэлзээд өнгөрөх шиг л болсон. Би төрөлх Осетдоо ингээд ялагдаад, даруулчихаад очих гэж үү? Ямар нүүрээрээ!” гэж би өөртөө хэлсэн. Ингээд өөрт буй хүчээ бүгдийг шавхан эх нутгаа нүдэндээ харсаар Геркегийн гараас мултрахаар зүтгэсэн. Нутаг минь надад тусалсан нь тэр байх. Даралтнаас гарчихаад нэг сайн амьсгаа аваад өнөөх Геркетэй хүчээ шавхан үзсээр эцэстээ ялж чадсан даа”.

 Бөхийн дэвжээнээсээ холдож чадахгүй нь

1984 оны олимп оролцох найдлага тасарсны дараа тэр зодог тайлж шигшээ багийнхаа дасгалжуулагч боллоо. “Дасгалжуулагч гэдэг хүнд ажил юм аа. Гэхдээ насаараа бөхөөр явсан хүн дэвжээнээсээ холдож чадахаа больчих юм.  Тэгэхээр дасгалжуулагч хийхээс өөр зам алга” гэж Андиев нэгэнтээ ярьжээ. Сослан дасгалжуулагчийн хувиар тамирчдаа сахилга баттай, эв нэгдэлтэй байлгахын тулд олон жил үр ашигтай ажилласан. 1989 онд түүнийг Хойд Осетийн Биеийн тамир, спорт хорооны даргаар ажиллахыг урихад зөвшөөрчээ.

Сүүлийн хэдэн жилийн турш Хойд Осет-Аланийн тамирчдын амжилт арвин байгаа нь гарцаагүй Сослан Андиевийн ажлын үр дүн. ОХУ-ын хамгийн амжилт сайтай арван спорт хороонд сүүлийн хэдэн жил байнга багтаж байгаа гэдэг. Тэр эх нутагтаа үүний хажуугаар хэд хэдэн спорт заал, сургууль барьж байгуулах ажилд гар бие оролцжээ. Мөн 1990-1997 онд ОХУ-ын Олимпийн хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан.

Хойд Осетийн олон айл хүүхдээ Сослан хэмээх нэрийг хайрладаг уламжлалтай. Ийнхүү алдарт аваргын алдар нэр үеэс үе дамжин дуурссаар байх тавилантай ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE