Ичиножо дэвжээ нураав

Мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн сүүлчийн барилдаанд озэки Такаясүтай манай сумоч сэкиваке Ичиножо А.Ичинноров барилдлаа. Ичиножо өрсөлдөгчөө түлхэж дэвжээний захад аваачсан ч эцсийн мөчид өөрөө урьтаж гадна гишгэснээр ялагдал хүлээв.

Ийнхүү тэрбээр найм дахиа ялагдсан тул сэкиваке цолоо алдахад хүрлээ. Үүний хажуугаар сумогийн тэмцээний үеэр тун цөөн тохиолддог нэгэн явдал болсон нь 227 кг жинтэй Ичиножо унахдаа өвдөглөхөд дэвжээний ирмэг нурсан юм.

Энэ башёд ёкозүна Хакухо М.Даваажаргал болон Какурюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдаагүй. Харин ёкозүна Кисэносато барилдсан ч эхний дөрвөн өдөр дараалан ялагдаад гэмтэл авсан гэх шалтгаанаар тэмцээнийг орхисон.

Кюүшюү башёг комүсүби Такакэйшо 10 даваа 1 унаатайгаар тэргүүлж явна. Түүний араас 9 даваа, хоёр унаатай озэки Такаясү, маэгаширагийн 6 дээрээс боссон Дайешо, мөн маэгаширагийн 12 дээр эрэмбэлэгдсэн Аояима нар нэхэж явна.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE