Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүс төрийн байгууллагуудыг удирдаж байжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймгийн төв болон тус аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдад ажиллажээ. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцдаа хэд хэдэн зөрчил, дутагдал илрүүлж заримыг газар дээр нь шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал, Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан “Түүхт Баянжаргалан” ТББ-ын дансанд хандив төвлөрүүлсэн байх бөгөөд  хандивын хөрөнгийг тус ТББ-ын нэрээр сумын Засаг дарга Г.Туяа захиран зарцуулдаг. Тус сангийн дансанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 70 гаруй сая төгрөг төвлөрч, зарцуулагдсан байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал О.Түмэнбаатар нь төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 2 удаа орсон боловч тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байхад нь албан тушаалд томилсон болохыг 2017 онд тус аймагт ажилласан ажлын хэсэг тогтоож тухайн зөрчлийг арилгах талаар зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлаагүй, О.Түмэнбаатар нь албан үүргийг гүйцэтгэж байна.

Түүнчлэн аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч 4 албан тушаалтан сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй боловч дээрх албан тушаалдаа ажиллаж байна.  Үүнд:

  1. Адаацаг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Э.Батцэцэг
  2. Луус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр С.Сугирсүрэн
  3. Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Болормаа
  4. Сайнцагаан 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Энхмаа \2014 оноос хойш ажиллаж байгаа\  тус тус ажиллаж байна.

Мөн Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э, Санхүүгийн албаны дарга А нар сонгон шалгаруулалт зарлалгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд нийт 32 сая төгрөгийн зээлийг олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE