“Тусгай үйлчилгээ”-ний сангуудыг хэн толгойлдог вэ: Мал хамгаалах сангийн захирал Д.Пүрэвцэрэн

 Уг нь бол Мал хамгаалах сан мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд техник, технологийн болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, зээлийн ашиглалтанд хяналт тавих, зээлийг эргэн төвлөрүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зориулалттай.

Засгийн газрын “Тусгай сангийн тухай” хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.  Гэхдээ энэ сан яг зорилтот бүлэг рүүгээ хандаж, зориулалтын дагуу ажиллаж байга уу гэдэг нь сүүлийн үед гарч байгаа мэдээллээс харахад эргэлзээтэй байгаа юм.

ҮАГ-аас Мал хамгаалах сангийн 2017 оны үйл ажиллагаанд аудит хийгээд “Төсвийн шууд захирагчийн 2017 онд ноос арьс ширний урамшуулал, эргэн төлөгдөх зээлд 77, 567.1 сая төгрөгийн төсөв баталсан байна. Төсвийн зардлын ноос арьс ширний урамшуулалд 35,638.6 сая төгрөг, урсгал зардалд 307,8 сая төгрөг зарцуулжээ.

Мал хамгаалах сан төсвийн захирагчид 2017 онд улсын төвлөрсөн төсвөөс урсгал зардалд 35,658.1 сая төгрөгийн санхүүжилт батлагдаж, нийт олгосон санхүүжилтээс 35,926.7 сая төгрөг, нэмэлт санхүүжилтээр Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж 135.3 сая төгрөгийн санхүүжилт авч, олгосон санхүүжилтээс 177.8 сая төгрөгийг тус тус зарцуулжээ” гэсэн байна.

Мөн “2003 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлээс хугацаа хэтэрсэн 3,450,0 сая төгрөгийн зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн, 12,252.2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн эргэн төлөлт 18.3 хувьтай байна. Зээлийн эргэн төлөлтөөс нэр, хаяг тодорхойгүй 16.9 сая төгрөгийг бусад өглөгт бүртгэсэн байна” гэсэн нь анхаарал татсан асуудал гэжээ.

Түүнчлэн “ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/127 дугаар тушаалаар 2011 онд “Гацуурт” ХХК-тай байгуулсан зээлийн гэрэээний хэрэгжилтийг шалгах тооцоо нийлэх ажлын хэсгийг байгуулж ажилласан байна. Ажлын хэсэг нь ялгаж бэлтгэсэн 200 толгой үхрийг Сэлэнгэ аймгийн ХААГ-т шилжүүлж өгөхөөр “Гацуурт ХХК-тай тохирсон байна. Гацуурт ХХКийн зээлийн өрийн үлдэгдэл 3.0 тэрбум төгрөг, 2017 оны 10 дугаар сард ажлын хэсэг байгуулагдаж 140 толгой үхрийг нэг бүрийг 5 сая төгрөгөөр тооцож нийт 700.0 сая төгрөгийн өр барагдсан байна. Мөн “АТААСҮ” ХХК-д олгосон 450.0 сая төгрөгийн зээлийн өр шийдвэрлэгдээгүй байна. Төсвийн гүйцэтгэлийн тайлангаарх бараа үйлчилгээний зардал 7%,үндсэн цалин 5,4%,унаа болон бусад нөхөн олговор 27,3%-иар хэтэрсэн нь Төсвийн тухай хуулийн 6.4.1.” төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна. Эдгээр асуудлыг дараагийн шалгалтаар үзэх шаардлагатай гэж үзэв. Мал хамгаалах сангийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар дээрх асуудлуудыг нарийвчлан шалгах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байна.

 

Ийн Мал хамгаалах сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 311. 0 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэнд менежментийн захидлаар зөвлөмж өгч санхүүгийн тайланд залруулга хийлгэжээ.

Тус сангийн захирлаар Түмэнбаярын Цэдэндамбаа 2017 оны дөрөвдүгээр сарын 6-нд Мал хамгаалах сангийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. 2008-2010 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан тэрээр өнгөрсөн зун Мал хамгаалах сангийн захирлын ажлаа өгсөн байна.

Түүний оронд Дэмбэрэлваанчигийн Пүрэвцэрэн гэдэг залуу томилогджээ. Энэ залуу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхад Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалынх нь туслахаар ажиллаж байсан. Х.Золжаргалыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд сонгуулийн багт нь ажилласан. Гэхдээ Д.Пүрэвцэрэн 2015 онд өөрийн бизнесийг эхлүүлсэн байдаг. Японд дадлагажигч ажилчин илгээдэг “Така энд Томо” гэдэг компанийг байгуулжээ. Энэ компани нь Японд төлөөлөгчийн газраа ч нээгээд амжсан байна.

Үүнээс гадна малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн “ЗОН-ДЭМ” ХХК-ийнхаа нийлүүлэлтийн менежерийн албан тушаалыг хашдаг. Энэ ажлаараа ХХААХҮЯ-тай хэд хэдэн удаа гэрээ байгуулж, гарын үсэг зурж явжээ. Энэ нь ашиг сонирхлын зөрчил байж болохыг эх сурвалж хэлж байгаа юм.

Түүнийг гэр бүлийн энэ компанийг 2014 онд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дэмжиж байсан барим байдаг юм байна.

Энэ мэтчилэн Мал хамгаалах сангийн хөрөнгө яаж зарцуулагддаг вэ гэх эргэлзээ нийгэмд хураад байтал, хэдхэн сарын өмнө Б.Батзориг сайд энэ сангийн захирлаар нь хэд хэдэн асуултын тэмдэгтэй залууг томилсон нь анхаарал татаж байна.

 

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE