“Бичлэг цацна” гэдэг бол шантааж, сүүлийн үеийн шуугиан дарах л арга

Ингэж айлгадаг арга улс төрд овоо хэдэн жил болсон гэдэг юм. Аль 1990-ээд оны сүүлчээс эхтэй дуулддаг. Өмнө нь зөвхөн өөрт нь хэлдэг байж л дээ. Энэ талаар үе үеийн улстөрчид, улс төр дагаж амьдарсан хүмүүс маш сайн мэднэ. Сонсоогүй, мэдээгүй хүн ховор гэчихвэл хэвийдсэн болохгүй.

Бас энэ аргыг хэрэглэдэг хүмүүс нь тодорхой. Улстөрчид, улс төрийн хүрээнийхэн бас л сайн мэднэ. Тэр нэр бүхий хүмүүс одоо ч энэ аргаа хэрэглэсээр байгаа хэрэг. Харин эгнээгээ тэлж, дэмжигчдээ нэмсэн байна л гэж байна.

Иймэрхүү аргыг шантааж хийхдээ ашигладаг. Ямар нэгэн ажил бүтээлгэнэ. Аль эсвэл ажил, албан тушаалыг нь өгүүлнэ. Аваад өөрийн хүндээ өгнө.

Нөгөө бол ямар нэг өөрт нь халтай дуулиан шуугиан үүсмэгц түүнийг дарах зорилгоор ийм агуулгатай мэдээлэл цацдаг.

Зунаас эхлээд нэг хүний тухай бичлэг цацагдах нь гэж цуурлаа. Сүүлдээ үзсэн харсан хүмүүс ч бий болж галзуурцгаав. Яг л ерээд оны үеийн нисдэг таваг харсан гэдэг шиг цуурхал байгаа юм.

Тиймээс XXI зуунд ч ийм арга ашигладаг улстөрчид маань бидэнд бичлэг гэдэг таваг нисгэж үзүүлсээр л байна гэсэн үг. Бид ч нийтээрээ дагаад намирчихаж байгаа нь нэн харамсалтай.

Явсаар энэ нь олон хүний нэр хүндийг л хөсөр унагаж, амьдралаар нь тоглоод хаячихаж байгаа юм.

Хамгийн эмгэнэлтэй нь тэдэнтэй хамт гэр бүл, үр хүүхэд, хань, эцэг эх нь хамт унаж байдаг ажээ.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE