Football leaks: ПСЖ-ийн хөрөнгийн үндэс ба Катарын ДАШТ-ий эрх авсны нууц

 

Football Leaks цахим хуудсын мэдээлэл хөлбөмбөгийн ертөнцөд томоохон дуулиан тарилаа. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантинотой холбоотой болон Катар улс ДАШТ зохион явуулах эрхийг хэрхэн авсан талаар мэдээлэл цацсан юм.

Саркози, Платини ба Катарын ДАШТ

2010 онд тухайн үеийн Францын Ерөнхийлөгч Николя Саркози Катарын Эмир Тамим бин Хамад Аль Танитай уулзахдаа 2022 оны ДАШТ-ийг зохион явуулах эрхийг тэдэнд өгөх боломж байгааг дурьдаад хариуд нь хэд хэдэн зүйл хүсчээ.

Тухайлбал, Парисын ПСЖ клубыг худалдан авч сэргээн босгох, Францад BeIN Sports спортын сувгийг оруулж ирэх саналыг Катарын Эмирт тавьж, хариуд нь ДАШТ-ийг зохион явуулах эрхийг авахад нь Мишель Платинигаар дамжуулан тусалж болно гэж амласан байна.

Мишель Платини тухайн үед Европын Хөлбөмбөгийн Холбоог удирдаж байсан тул Европын олон улсын Хөлбөмбөгийн Холбоодын саналыг Катар руу чиглүүлэх “тэнхээтэй” байж. Тэгээд ч Катартай ДАШТ-ийг зохион явуулах эрхийн төлөө АНУ, Австрали болон Япон, Өмнөд Солонгос өрсөлдсөн тул Европын улсуудын санааг Катар руу эргүүлэхэд дөхөм гэж Платини болон Саркози нар тооцжээ.

Ингээд хоёр тал харилцан ярилцаж тохиролцсоны эцэст 2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд 2022 оны ДАШТ-ийг зохион явуулагчаар Катарыг албан ёсоор зарласан. Мөн тэр даруй Катарын Qatar Sports Investments сан ПСЖ-ийг худалдан авчээ.

Инфантино ба ПСЖ, “Манчестер Сити”

ОУХХ-ны ерөнхийлөгч Жанни Инфантинотой холбоотой мөн нэгэн мэдээллийг Football leaks цацлаа. Инфантино Европын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2011-2013 онд санхүүгийн фэйр-плейг илт зөрчсөн Францын ПСЖ болон Английн “Манчестер Сити”-г  Европын цомын тэмцээнд оролцох эрхээ хасуулах аюулаас нь аварсан гэнэ.

2011-2013 онд ПСЖ болон “Манчестер Сити”-гийн санхүүгийн алдагдал зохих хэмжээнээс тав дахин давжээ. Үүнийг Инфантино мэдэж байсан ч Мишель Платини, Николя Саркози нарын ДАШТ-ий эрхийг Катарт өгөхдөө хийсэн тохиролцоог хамгаалан үлдэх үүднээс нүдээ таглахад хүрчээ.

Инфантино дээр дурьдсан хоёр клубын удирдлагатай хэд хэдэн удаа нууцаар уулзаж, санхүүгийн асуудлаа ямар замаар хэрхэн аргалж өнгөрүүлэх боломжуудыг зааж өгч байсан гэж Football leaks мэдээлжээ.

Супер лиг байгуулах уу?

Football leaks-ийн дэлгэсэн мэдээллүүдээс сонирхол татсан өөр нэг зүйл бол  Германы “Байерн Мюнхен” Европын Супер лигийг байгуулахаар нууц яриа хэлэлцээр хийсэн гэнэ. 2021 он гэхэд Аваргуудын лигийг үгүй болгож, оронд нь Европын 16 клуб нэгдэн Супер лиг  байгуулахаар ярилцжээ.

Энэ санааг гаргахад эхнээс нь дэмжсэн 11 клуб ойрын 20 жилийн хугацаанд тус лигт тоглох эрхийг шууд авах аж. Харин үлдсэн таван клубыг зочны хувиар урих бололтой.

Football leaks-ийн мэдээлэлд итгэвэл тэдгээр 11 клуб нь “Байерн Мюнхен”, “Реал Мадрид”, “Барселона”,  “Манчестер Юнайтед”, “Ювентус”, “Арсенал”, “ПСЖ”, “Челси”, “Манчестер Сити”, “Ливерпуль”, “Милан” гэнэ. Харин зочин клубээр “Атлетико Мадрид”, “Боруссиа Дортмунд”, “Интер”, “Марсель”, “Рома” яригдаж байгаа ажээ.

Тус лигийг байгуулах тухай гэрээнд энэ сард гарын үсэг зурах байсан гэж мэдээлсэн юм.

Гэвч тус мэдээлэл цацагдсаны дараагаар Германы “Байерн Мюнхен”-ий удирдлага Карл-Хайнц Румменнигге “Супер лиг гээчийг байгуулах тухай яриа бид хийгээгүй. Ийм зүйл сонсоогүй” гэж мэдэгдээд байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE