Боксчин З.Энхзориг хүнд гэмтжээ

Боксын спортоор улсдаа  анхны Дэлхийн залуучуудын аваргын алтан медалийг авчирсан, Азийн наадмын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний  мастер  З.Энхзориг  тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн  ч ухаан оролгүй зургаа хонож байна.

Түүний хувьд  12 настайдаа боксын спортоор хичээллэсэн,   Монголын Улсын  гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн  гарын шавь нарын нэг.  Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэгэн үед гарч ирж хүч үзэж явсан Улсын шигшээ багийн шилдэг тамирчдын нэг юм.  2015 оноос их  спортоос завсарлага авч  сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорьсон. Гэхдээ эх орондоо ирж, очин байсан тэрээр саяхан түр ирээд байхдаа замын хажуугийн таглаагүй траншейны нүхэнд унаснаас ийнхүү хүнд гэмтэл авсан гэсэн мэдээлэл байна. Зарим эх сурвалж  түүнийг  бусдад зодуулсан байж  магадгүй  хэмээж буй. ГССҮТ-өөс биеийн байдлыг тодруулахад “Ар гэр, садан төрлийн хүн биш бол өвчтөний талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэв.  Хүнд байдалд байгаа түүнийг  анхны багш, гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг нь болон Монголын Боксын холбоо, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй найз нөхөд нь  эргэж тойрч байгаа аж.

Эх сурвалж: news1.mn Л.Бэх

 

 

SHARE