ТОСК 370 тэрбумын өрөнд унажээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТОСК-ийн асуудлыг хэлэлцэв. Тус үйлдвэрийн газар нь 2013-2016 онд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, “Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Үүнээс болж 370 гаруй тэрбум төгрөгийн өрөнд унасныг албаныхан мэдээлэв.

Тиймээс “Төрийн өмчит орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр компани ТУЗ-тай болж, компанийн засаглалыг нэвтрүүлж гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж үзлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE