Таканоива Харумафүжиг шүүхэд өгсөн гомдлоо эргүүлэн татжээ

 

Мэргэжлийн сумогийн Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй Таканоива А.Баасандорж 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн эсрэг гомдлыг шүүхэд гаргаж, 30 сая иен нэхэмжилсэн тухай мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл өчигдөр Таканоива А.Баасандорж тус гомдлоо албан ёсоор эргүүлэн татжээ. Гэхдээ шалтгаанаа ингэж тайлбарласан байна.

“Харумафүжиг шүүхэд өгснөөс хойш Монгол дахь манай гэр бүлийнхэн маш хүнд байдалд орсон. Хэрвээ зөвхөн надаас шалтгаалдаг бол би гомдлын эцсийг үзэх байлаа. Гэвч миний гэр бүлд дэндүү их дарамт очиж буй тул гомдлоо татлаа. Монголд намайг шүүмжилж, маш их дарамт гэр бүлд маань үзүүлж байна. Би гэр бүлийнхнээ тайван амгалан байлгахын тулд үүнийг хийж байна” гэж Таканоива А.Баасандорж мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлийн дараагаар Харумафүжигийн өмгөөлөгч мөн мэдэгдэл хийсэн байна.

“Гомдлоо татсан асуудлыг бид өнөөдөр анхааран үзлээ. Гэхдээ энэ асуудлаар хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгс нь гайхшрал төрүүллээ. Эхнээсээ л бид Таканоивагаас уучлалт гуйж, буруугаа хүлээсэн. Харин бидний лавлаж, тодотгосон ганц зүйл бол 30 сая иен гэдэг мөнгөний хэмжээг хаанаас яаж гаргаж ирсэн юм бэ? гэдэг асуулт байсан. Үүнд хариулт өгөөгүй.

Харин Таканоивагийн гэр бүлийхэнд Монголд дарамт үзүүлж буй тухайд бол бид ойлгохгүй байна. Таканоива бол хохирогч. Харумафүжи түүнийг би ийм байдалд оруулах гээгүй. Таканоивад энэ тал дээр туслах тухай бид бодолхийлж байна” хэмээн өгүүлжээ.

Таканоива А.Баасандоржийг ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж караокений удирдлагаар толгой руу нь цохисон тухай шуугиан дэгдсэн. Эхэндээ “Шар айрагны шилээр цохижээ” гэж Японы хэвлэлүүд дуулианыг гааруулсан.

Энэ үйлдлээсээ болж Харумафүжи зодог тайлсан билээ. Харин Таканоива толгойны гэмтлийн улмаас хоёр сарын башёд оролцоогүй болон эмчилгээний нөхөн төлбөр гэж 30 сая иен Харумафүжигээс нэхэмжлэн шүүхэд өгсөн юм. Гэвч гомдлоо татсан байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE