Моуриньо өвлийн наймаанд 100 гаруй сая паунд зарцуулна

 

Английн “Манчестер Юнайтед” Жозе Моуриньог халах бус харин ч ирэх өвлийн наймааны цонхоор 100 сая гаруй паундаар тоглогч авах эрхийг олгохоор болжээ.

Өнгөрсөн зуны наймааны цонхоор “Улаан чөтгөрүүд” Украины “Шахтер”-аас бразил хагас хамгаалагч Фред, Португалын “Порто”-гоос 19 настай хамгаалагч Диогу Далот, “Сток Сити”-гээс хаалгач Ли Грант нарыг авсан. Гэлээ ч энэ нь багийн хүчийг хангалттай зузаатгаж чадаагүй тул өвлийн зах зээлд идэвхтэй ажиллахаар болжээ.

Моуриньогийн зорилго бол найдвартай төвийн хамгаалагч болон сайн довтлогч авах гэнэ.

Хэдэн хоногийн өмнө португал мэргэжилтэн багийн түвшинг ахиулахын тулд өндөр зэрэглэлийн тоглогч гарцаагүй авах шаардлагатай байгааг дурьдсан. Түүний энэ санааг “Юнайтед”-ын домгууд болох Райан Гиггз, Пол Скоулз, Гари Невилл нар ч дэмжиж буй юм.

“Илүү өндөр зэрэглэлийн тоглогчид авч байж багийн түвшин дээшилнэ. Гэвч ийм тоглогч авах бас хэцүү. Учир нь өндөр зэрэглэлийн тоглогчид хамгийн шилдэг клубүүдэд тоглож байгаа. Гэхдээ бид энэ тал дээр ажиллана” хэмээн Моуриньо мэдэгдсэн.

News1.mn Р.Гэгээ

SHARE