Харь гаригийнхангүй Эль-Класико буюу жаргалтай Суарес, шаналант Лопетеги

 

Эль-Класико 5:1-ээр “Барселона”-гийн хожлоор өндөрлөлөө. Хоёр багийг зааглаж байсан дөрвөн онооны зөрүүг өнөөдөр дөрвөн гоолын зөрүүгээр “дүрж”,  гурван оноогоор ахиулж “Барселона” магнайд гарсан бол “Реал Мадрид”-ын дөрвөн хожил, дөрвөн хожигдол, хоёр тэнцээтэйгээр лигийн тэг дунд шахуу очив.

Энэ удаагийн Эль-Класико Лионель Месси болон Криштиано Роналдо нарын аль нь ч талбайд гараагүйгээрээ онцлог байв. Роналдо өнгөрсөн зун Мадридыг орхин одсон бол Лионель Мессигийн гар хугарснаар тоглох боломж олдсонгүй.

Роналдо Мадридад есөн жилийг өнгөрүүлэхдээ Эль-Класикод 18 гоол оруулжээ. Харин Криштианог Ла лигт тоглохоос өмнө Лионель Месси Эль-Класикод таван гоол оруулчихаад байсан бол дараа нь 21-ийг нэмснээр хоёр багийн тулааны түүхэн шилдэг мэргэн буучид тооцогддог.

Хэдхэн хоногийн өмнө талбайдаа “Леванте”-д 1:2-ээр хожигдсон ч Эль-Класикогоос өмнө Хулен Лопетегиг халахгүй гэж Мадридын удирдлага шийдсэн тухай мэдээлэл цацагдсан юм. Харин ийм дүнгийн Лопетеги “Сантьяго Бернабеу”-гаас эгнэгт гарч одох цаг улам ч ойртсон байж мэднэ.

Луис Суарес “Барселона”-д ирснээсээ хойш Эль-Класикогийн эрлэг нь болчихоод байна. Тэрбээр 2014 оны зун Каталоны багт ирснээсээ хойш Эль-Класикод есөн гоол оруулчихлаа. Харин энэ хугацаанд “харь гаригийн хоёр” тус бүр таван гоол хийжээ.

Уругвай довтлогч тав хоногийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдөн авч хүүдээ Лаутаро гэх нэр хайрласан. Тэгвэл энэ удаад хүүхэд бүртээ Эль-Класикогийн нэг гоол бэлэглэж, хет-трик хийлээ. Түүнийг “Камп Ноу”-д найман настай охин Дельфина, таван настай хүү Бенжамин нар нь дэмжин суусан. Харин хүүхдийнх нь чанх дэргэд Лионель Месси хүү Тиагогийнхаа хамт тухалсан байлаа.

За ингээд Эль-Класикогийн дараагаар ямархуу яриа өрнөснийг хүргэе.

Хулен Лопетеги /”Реал Мадрид”-ын дасгалжуулагч/: Маш хүнд цохилт авлаа. Бид бүхнийг эргүүлчих боломж байх шиг санагдсан ч болсонгүй. Суаресийн тэр гоол тоог 3:1 болгож, найдлагыг үгүй хийлээ. Би багийнхантайгаа адил сэтгэлээр уначихсан байна. Үнэхээр хүнд хожигдол. Гэхдээ одоо чинь дөнгөж аравдугаар сар. Улирал дуустал өдий. Энэ улирлыг бид давж гарах хэрэгтэй. Би багийг л удирддаг хүн болохоос ирээдүйнхээ талаархи шийдвэрийг гаргадаггүй.

Одоог хүртэл би нэг ч тоглогчийг шүүмжлээгүй. Одоо ч шүүмжлэхгүй. Надаас тийм үгс битгий хүлээ. Би тоглогчдын сэтгэл санааг өргөж өгмөөр байна.

Гарааны бүрэлдэхүүний тал дээр харамсах юм алга. Хүмүүс дүгнэлт хийх гэж яарч буй биз. Харин би тэдэнд ирэх хавар болтол харзнахыг зөвлөе. Манай баг энэ улирлыг амжилттай өнгөрүүлэх найдлага бий. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд бид их зүйл үзлээ. Хачин тоглолтууд… “Барселона” их хүчтэй байлаа.

Спортод ялагдлын ачааг дасгалжуулагч үүрдэг. Гэвч ялалт, ялагдал бидний хамтынх. Улирлын төгсгөлд бидэнд баярлах, тэмдэглэх зүйл байна гэдэгт эргэлзэхгүй. Бид одоо сэргэж, сэтгэлийн хаттай байх ёстой.

Эрнесто Вальверде /”Барселона”-гийн дасгалжуулагч/: Лопетеги шиг байдалд орох ямар байдгийг би сайн мэднэ. Үнэхээр хэцүү. Бүх юм хэвийн зүгээр юм шиг хэрнээ л нэг болж өгөхгүй байдаг. Хөлбөмбөг ийм л тоглоом. Энэ бол том жүжиг. Бид энэ жүжгийн дүрүүд. Лопетегид тохиолдож буй зүйл надад ч хэдэн долоо хоногийн дараа таарч болно. Амьдрал өөрөө ийм. Бөмбөг бөөрөнхий, бид эрсдэлээс зайлсхийхийн аргагүй үе ирдэг.  Лопетегиг халах эсэх тухай яриа надад хамаагүй. Миний хувьд бол дасгалжуулагчийг халж буй шийдвэр бүр шударга биш санагддаг.

Каземиро /”Реал Мадрид”-ын хагас хамгаалагч/: Тактик юмуу эсвэл сэтгэлзүйгээс ийм зүйл боллоо гэж хэлж болохгүй. Харин бүхэлдээ л болж өгөхгүй байна гэвэл зөв байх. Бид илүү хурдтай, эрч хүчтэй, илүү дайчин тэмцэлдэх ёстой. 1:5 гэдэг тоо бол энэ улирлын турш бидэнтэй тохиолдож буй бүхний илэрхийлэл. Бид муу тоглож байгаагийн л тусгал.

Хөлбөмбөгчид хангалттай сайн тоглохгүй байхад дасгалжуулагчийг ганцааранг нь буруутгах буруу. Бид л талбайд гардаг. Тийм ээ, сайн сайхан юм алга. Гэхдээ бид тайван байх хэрэгтэй.

Эмилио Буртагеньо /”Реал Мадрид”-ын дотоод асуудал эрхэлсэн захирал/: Фанатуудаасаа уучлалт гуйя. Бидний сэтгэл хүнд байна. Хожигдвол бид хамтдаа хожигддог. Энэ бол ганц хүний хожигдол биш. “Барселона”-д баяр хүргээд одоо өмнөх тоглолтуудаа л харья.

Одоо Лопетегиг халах тухай ярих цаг биш ээ. “Реал Мадрид”-ын хувьд хар өдөр байлаа. Тэд эхний үед биднээс илүү байлаа. Хоёрдугаар үед бидэнд боломж гарсан ч тоог тэнцүүлж чадсангүй. Харин тэр гурав дахь гоол хувь заяаг шийдлээ. Энэ хожигдол бидний зүрхийг хөндөж, их өвтгөлөө.

Луис Суарес /”Барселона”-гийн довтлогч/: Тэд хямралтай байгаа тухайд уу? Ийм тохиолдолд бид ч орж байсан. Бид мэргэжил нэгтэй хүмүүс болохоор ойлгоно. Хөлбөмбөгт хүн өөрөө өөртөө шүүмжлэлтэй ханддаг байх ёстой. Хоёрдугаар үед Мадридынхан довтолж, гоолын боломжууд үүсгэсэн. Гэвч бид ажлаа сайн хийлээ. Тэд довтлохдоо ардаа сул орон зай их орхисноор бидэнд гоолын боломж нэмэгдсэн. Түүнийг ашиглаж чадлаа. Мэдээж, Месси гараанд гарвал хамаагүй дээр. Тэр чинь дэлхийн шилдэг шүү дээ. Гэхдээ бид өнөөдөр өөрсдийнхөө тоглолтоор бахархах эрхтэй. Бид Мессигүй ч гэсэн гайхалтай баг гэдгээ харууллаа. Бид хожиж, би хүүтэй боллоо. Энэ бол миний аз жаргал.

Барселона – Реал Мадрид 5:1 
Гоол: Коутиньо 11, Суарес 30-пен, 75, 83, Марсело 50, Видаль 87
Барселона: тер Штеген, Пике, Альба, Сержи Роберто, Лангле, Артур (Видаль, 84), Бускетс, Рафинья (Нелсон Семеду, 69), Ракитич, Коутиньо (Дембеле, 74), Суарес.
Реал Мадрид: Куртуа, Варан (Васкес, 46), Марсело (Диас, 82), Начо, Рамос, Кроос, Каземиро, Иско, Модрич, Бэйл (Асенсио, 77), Бензема.
Шар хуудас: Ракитич (38), Начо (39), Бэйл (53), Суарес (77).

news1.mn Р.Гэгээ

 

SHARE