Гаврыг үнэг болгосон Вишай

 

Английн “Лестер” гэх баг анх санал тавихад Рияд Махрез “Тэр чинь регбигийн баг биш билүү?” гэж асуусан гэдэг. Харин хэдэн жилийн дараагаар “Лестер”-ийг ч, Махрезийг ч дэлхий дахин хөлбөмбөгийн үнсгэлжингийн үлгэрийн гол баатрын дүрээр нь андахгүй болсон билээ.

Клаудио Раньери тэр гайхамшигтай улирлын явцад багийнхантайгаа пицца хуваан идэж, залуусаа хөгжөөн ухаалгаар удирдаж, Жейми Варди арав гаруй тоглолт дараалан гоол оруулан гайхуулж, Нголо Кантегийн хурдан хөл, цуцашгүй хөдөлмөр “Үнэгнүүд”-ийг үнэхээр өндөрлөгт гаргасан.  Ямартаа л орчин цагийн үлгэр бүтээгчид гэж байхав.

Хүмүүс ингэж харж, дүгнэдэг. Гэвч энэ ярианд нэг хүний нэр хамгийн эхэнд дурьдагдах ёстой ч хаягджээ. Энэ бол “Лестер”-ийн эзэн Вишай Шриваданапрабха юм. 60 настай энэ тайланд эрийн жинхэнэ нэрийг Раксриаксорн гэдэг юм билээ. Гэвч 2013 онд гэр бүлийнхээ овгийг Вишай Шриваданапрабха болгожээ. Учир нь Тайландын Хаан түүнд өөрийн тушаалаар Вишай Шриваданапрабха нэрийг хайрласан юм. Бүтнээр нь дуудахад тун хэцүү энэ нэр “Олон жилийн тогтвортой амжилтаар гэгээрсэн гэр бүл” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, тэдний гэр бүлийн олон жилийн амжилтыг үнэлж олгосон нэр болой. Тээр 1900-аад оны эхэнд Сандагдоржийн Магсаржав гэх хатан зоригтой эрд Богд Хааны зарлигаар Хатанбаатар цол олгосон нь хожмоо нэр шиг нь болсонтой л адил хэрэг.

Дэлхийн толгой баячуудын хөрөнгийг тоолж тооцож зарлах дуртай Forbes-ийн мэдээлснээр бол Вишай Шриваданапрабхагийн хөрөнгийн хэмжээ 3.2 тэрбум ам.долларт хүрнэ. Тайланддаа айргийн тавд багтахаар баян эр.

Тэрээр 2010 онд “Лестер”-ийг худалдан авсан юм. Лондоны нэгэн багийг авахаар бараг тохирчихсон байснаа “Лестер”-ийн стадионд 30 минут тоглолт үзээд л “Энэ клубыг авья” гэж боссон тухай түүний хүү хэвлэлд нэгэнтээ ярьсан нь бий.

Вишай ер нь л багийнхаа тоглолтын өмнө нисдэг тэрэгтэй ирдэг уламжлалтай. Эхэндээ англичуудын энэ занг нь ихэд шүүмжилж, гайхаж байж. Тэр аливаа зүйлд адтай эр. Баг нь дэлхийд хөрөнгөөрөө гайхуулагч клубүүдийг ардаа орхиж, ангайлган түрүүлэх үед мань хүн казино тоглоод 2.5 сая паунд хожиж байлаа.

Аварга болсон тоглогчдодоо BMW-гийн хамгийн сүүлчийн загвараас биечлэн бэлэглэсэн билээ.

Тэр “Лестер” маш хэцүү шийдвэрүүдийг гаргахад хүрч байлаа. Догшин ширүүн Найжел Пирсоныг халж, дараа нь ухаалаг тайван Клаудио Раньериг урвуулж авчирч чадсан нь түүний л ухаан. Тэгээд ч аварга болж дөнгөсөн. Дараа нь Раньеригаа халах шийдвэрийг ч тэр гаргасан. Раньериг халсны дараагаар олны хараалын бай болж, нэг хэсэгтээ бүр олон нийтийн сүлжээн дэх хаягаа хүртэл хаахад хүрсэн удаатай.

Гэвч үнэндээ “Лестер”-ийн үнсгэлжингийн үлгэрийн суурийг Вишай Шриваданапрабха барьж байсныг үгүйгэхийн аргагүй. Өөрөөр хэлбэл, гаврын үнэг болсон тухай үлгэрийн номын хавтсыг нээж, хамтдаа “уншиж”,  аз жаргалтай төгсгөлөөс нь хойш ч авч явсан хүн бол ганц Вишай Шриваданапрабха юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE