Гүржийн Ерөнхийлөгчийн “сүүлчийн” сонгуульд 25 хүн нэр дэвшив

 

Энэ сарын 28-нд Гүрж Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн долоо дахь буюу сүүлчийн шатны санал асуулга явагдана. Эхэндээ 46 хүн Улсынхаа Ерөнхийлөгч болох хүсэлтээ гарган, нэр дэвшүүлснээс янз бүрийн шалтгааны улмаас хасагдсаар 25 нэр дэвшигч шалгаран үлдэж, өрсөлдөх болно. Нэр дэвшигчдээс 19 нь намаас, 6 нь бие даан нэр дэвшжээ.

Эдгээр 25 өрсөлдөгчийн хэн нь ч ялж магадгүй гэж олон улсын тоймчид үзэж байна. Учир нь сонгуулийн өмнөх социологийн судалгаа, урьдчилсан таамаглалууд маш их зөрүүтэй байгаа ажээ.

Гэхдээ бие даан нэр дэвшиж буй 66 настай Саломе Зурабашвили олны анхаарлыг илүүтэй татаж байна. Бусад нэр дэвшигчдээсээ ялгарах зүйл нь Саломе Зурабашвили улс төрийн орогнол хүсч Францад гарсан гэр бүлд төрж өссөн юм. Парисын Их Сургуулийг улс төрийн шинжлэх ухаанаар төгсөж, дараа нь АНУ-ын Колумбын их сургуульд суралцсан намтартай энэ улстөрч эмэгтэй Францад дипломатчаар олон жил амжилттай ажиллаад 2003 онд Францын Гүрж дэх бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсон түүхтэй.

Гэвч жилийн дараагаар Михаил Саакашвили Францын талд Зурабишвилиг Элчин сайдын ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаж, эх орондоо өндөр дээд албан тушаал хаших эрхийг нээж өгөхийг хүссэн юм. “Гүржид хэзээ ч ийм өндөр зэрэглэлийн дипломатч байгаагүй” гэж Саакашвили энэ хүсэлтээ тайлбарласан байдаг.

Ингээд Саломе Зурабашвили Гүржийн давхар иргэншил авч, Гадаад хэргийн яамыг удирдах болсон юм.

Саломе Зурабашвилиг энэ удаагийн сонгуульд төрийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам дэмжиж байгаа. “Гүржийн мөрөөдөл” нам төрийн эрх баригч хэрнээ энэ удаагийн сонгуульд намаасаа хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй нь бас сонирхол татна.

Энэ бол Гүржийн Ерөнхийлөгчийг ард түмний санал асуулгаар сонгож буй сүүлчийн тохиолдол гэдгээрээ онцлогтой. Жилийн өмнө тус улсын парламент Үндсэн хуулиа өөрчлөн шинэчлэхдээ улс орноо Парламентийн Бүгд Найрамдах Улс гэж тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл, цаашид Ерөнхийлөгчийг шууд ард түмний санал асуулгаар бус харин парламентийн 150 гишүүн болон орон нутгийн төрийн байгууллагын 150 гишүүний хамтарсан хуралдаанаар сонгож байхаар тогтсоны зэрэгцээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэмжээг илт бууруулсан юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE