Утаанд хаягласан хөрөнгө ба унхайгүй төрийн ажил

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлуудын үр дүнд хийсэн тайланг өчигдөр танилцуулав.

ҮАГ-ын гүйцэтгэх аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Одгэрэлийн өгсөн мэдээллийг сийрүүлье. Тэрээр

-Шалгалтаар 72 зөрчил илэрсний дийлэнх нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгуулалт уялдаа холбоогүй, энэ чиглэлийн ажиллагааг хэрэгжүүлэгч, хяналт тавих байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна.  Тиймээс Агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний хороог Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд хоёр, Ерөнхий сайдын дэргэд хоёр, Байгаль орчны сайдын дэргэд хоёр, Нийслэлийн засаг даргын дэргэд гурван удаа байгуулан ажилласнаар харьяалал бүтэц нь байнга солигдож ирснээс шалтгаалан хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж тайлбарлах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй нөхцөлд хүргэжээ. Эндээс харахад утааны эсрэг төрийн байгууллага ямар ажилласан нь илт тодорхой харагдаж байгаа юм.

Гадаад, дотоодын хөрөнгөөс агаарын бохирдолд зарцуулсан хэрнээ эргээд тайлагнадаггүй, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж байхгүй. Холбогдох удирдах албан тушаалтнуудад нь зөвлөмж хүргүүлэхээр хэрэгжүүлдэггүй таг чиг болдог байна. Ингэж л мөнгө угааж завшдаг бололтой. Өнгөрсөн хугацаанд гэрийн дулаалгыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн үр дүн байхгүй. Улсын төсвөөс санхүүжүүлсэн “Төсөл” арга хэмжээний үр дүнд хяналт тавьж ажиллаагүй.

2008 оноос хойш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч холбогдох газрууд нь дорвитой арга хэмжээ аваагүй, тоог зөрүүтэй гаргаж ирсэн байна. Мөн ДЦС-2-ыг түшиглэн 210 мянган тонн коксжсон хагас нүүрс, шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулсан ч өнөөдрийг хүртэл ажиллаагүй байна. Сайжруулсан түлш нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлж чадаагүй. Агаарын бохирдлыг бууруулахад судалгаанд хөрөнгө зарцуулсан ч түүнийгээ цаашид авч хэрэгжүүлэх тал дээр анхааралгүй орхиж, үр дүнгүй ажил болгосон. Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж хэт бага. Гэр хорооллын айл өрхийн тоо 2018 онд 2016 оныхоос 1.4 дахин нэмэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд гэрийн дулаан алдалтыг бууруулах чиглэлээр гэрийн бүрээсийг шинэчлэх ажил хийсэн ч тэр нь зорилтот бүлэгтээ хүрээгүй, хэчнээн айл өрхөд хүрч, үр дүнгээ өгч байгаа талаар бүртгэл, мэдээлэл байхгүй. Сайжруулсан зуухыг хэрэглээнд нэвтрүүлсэн ч технологийн дагуу ашиглаагүй, одоо эхнээсээ элэгдэл хорогдолд орж, энгийн зуухны адил ажиллах болсон.

Үндсэндээ уурын зуухнуудыг татан буулгаж төвлөрсөн дулаанд холбосноос өөрөөр үр дүнд хүрсэн ажил байхгүй байна гэж мэдэгдлээ.

 

Энэ бол маш аймшигтай мэдэгдэл. Төр засаг ямар ч хяналт, зохион байгуулалтгүй ажилласныг аудитын байгууллага илрүүллээ. 20 жилийн турш нийслэлчүүд төр засагт хууртаж явсан болж таарлаа. улс, нийслэлийн төсвөөс хумсалсан олон арван тэрбум, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн олон арван сая доллар хэсэгхэн хүмүүсийн халаасыг түнтийлгэж бизнесийг нь цэцэглүүлсэн явдал болж таарчээ.

Өнөөдөр ч утааг бууруулах ажил Засгийн газарт ид буцалж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 54 тэрбум төгрөг зарцуулах тухай дуулиан намжаагүй байна.

Утааг бууруулах чиглэлээр чанартай ажил төлөвлөж түүнийхээ үр дүнг хянаж шаардаж, түүнээсээ улбаалсан дараагийн ажлуудаа төлөвлөж чадаагүй, зүгээр нь гаргуунд нь хаясан нь тодорхой боллоо.

Унхайгүй төрийн ажлаас утаанд хаягласан хөрөнгө ингэж л урсдаг аж. Энэ өвөл ч бас…

Эх сурвалж: News1.mn Б.ЗАЯА

SHARE