Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ болон томуу, томуу төст өвчин, өвөлжилтийн бэлэн байдалтай танилцлаа.
Налайх Эрүүл мэндийн төв нь дүүргийнхээ 7 хорооны 6989 өрхийн 36000 гаруй хүн амд болон дүүргийн харъяа 120 км радиус бүхий хүрээнд байршсан хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 326 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзүүлж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, албан даалгаврын болон томуу, томуу төст өвчний эрсдлээс сэргийлэх бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, уг төлөвлөгөөнд тодотгол хийж хариу арга хэмжээний бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаатай газар дээр нь үзэж танилцан, эмнэлгийн тусламж үйлчилгээний мэс засал, хүүхэд, яаралтай тусламж, цус, онош зүй, амбулатори зэрэг тасгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчидтэй уулзан  мэдээлэл, санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ өдрийн байдлаар хүүхдийн тасагт 30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 43 хувь нь амьсгалын замын өвчтэй байгаа бөгөөд сүүлийн 7 хоногийн байдлаар өдөрт дундажаар 40-50 орчим хүүхэд амбулаторийн үзлэг, шинжилгээнд хамрагдан зөвлөгөө авч үйлчлүүлсэн байна.

Мөн дүүргийн хэмжээний “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээний болон иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг /багц/-ийн явцтай танилцлаа.
Ийнхүү Эрүүл мэндийн дэд сайд Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийн бэлтгэл болон  урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт,  сурталчилгааг эрчимжүүлэх талаар зөвлөгөөг  өгч ажилласан.

SHARE