Германчуудын ээлжит хожигдол ба Өмнөд Америкийн Супер Класико

 

Хөлбөмбөгийн ертөнц цоо шинэ тэмцээн болох Үндэстнүүдийн лигийг өлгийдөн авснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өчигдөр тус тэмцээний хүрээнд дэлхийн аварга Францын шигшээ баг талбайдаа “Герман машин”-ыг хүлээн авав. Сүүлийн үед “Герман машин”-ы хөдөлгүүр гацаж, жолоо удирдлага нь ажиллахаа больсныг ч энэ тоглолт дахин нотоллоо.

Гурван өнгөтүүдийн торгуулийн талбайд Преснел Кимпембегийн гарт бөмбөг ойсноор Тони Кроос 11-ийн цэг дээр очсон. Хаалгачийн ихэвчлэн зүүн талд өнхрүүлж эвлэгхэн цохидог заншлаараа энэ удаад ч “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч цохилтоо гүйцэтгэж, Уго Льорис түүнийг урьдчилан таамаглаж зөв үсэрсэн ч хуруунд нь шүргээд гоол орлоо.

Үндэстнүүдийн лигийн хэсэгтээ хомоол хамж яваа Германы шигшээд гарцаагүй хожил хэрэгтэй байсан тул тэд түр ч болтугай санаа амрав. Гэвч хурдтай, элдэвтэй довтолгоотой Гурван өнгөтүүд тэднийг “Стад де Франс”-т цугласан олон мянган үзэгчдийнхээ өмнө амар байлгахгүй нь тодорхой байв.

Тоглолтын өмнө Юлиан Дракслер “300 морины хүчтэй Мбаппегийн өмнө гурван метрийн сул орон зай хэрхэвч өгч болохгүй. Тэр бол тэсрэлттэй хурд, хүчтэй цохилтоороо өрсөлдөгчөө агнадаг. Тиймээс бид боломж олгохгүй байх хэрэгтэй” гэж өгүүлсэн байлаа.

Үнэхээр ч залуухан довтлогчийнхоо галзуу хурдыг Францын шигшээ үе үесхэн ашиглахыг чармайж байв. Гэхдээ энэ орой Антуан Гризманных байлаа. Тэрбээр хөөргөж өгсөн дамжуулалтыг маш оновчтой хүчтэй мөргөж Мануэль Нойерийг барьц алдуулж чадсан юм. Хэдийгээр хөлбөмбөгчдийнхөө дунд намхавтар нуруутай ч гэсэн Гризманн мөргөлтийн техник маш сайтайгаа ийнхүү дахин харууллаа.

Тоо тэнцсэний дараагаар Германы шигшээ голцуу бөмбөг эзэмшиж тоглосон. Энэ ч зүй ёсны зүйл. Учир нь Францын шигшээ бол өрсөлдөгчдөө бөмбөг өгч, өөрсдөө алдааг нь анаж, хурдан довтолгоогоор аюул тарьдаг арга барилыг эзэмшсэн баг.

Өнгөрсөн ДАШТ-д тэд түрүүлсэн ч бөмбөг эзэмшилтийнхээ хувиар 32 багаас 19-д бичигдсэн нь үүнийг гэрчилнэ.

Тоглолтын төгсгөл рүү Блез Матуиди зүүн жигүүрээр нэвтэрч ороход Матс Хуммельс хашин хамгаалж таарсан. Бөмбөгийн төлөөх тэмцлийн улмаас Матуиди унаж, шүүгч Милорад Мажич пенальти заав. Цохилтыг Гурван өнгөтүүдийн пенальтчин Антуан Гризманн тайван итгэлтэй гүйцэтгэснээр ялалт байгууллаа.

Ийнхүү Францын шигшээ баг талбайдаа ялалт байгуулж, хэсгээ 7 оноотойгоор тэргүүлж буй бол Голланд 3, Герман ердөө ганц оноотой бичигдэж байна. Гэхдээ Голланд Германиас нэг оноогоор дутуу тул дэлхийн дөрвөн удаагийн аваргууд хэсэгтээ хомоол хамж, доод лиг рүү унах магадлал улам өндөрсөв.

Германы шигшээ баг сүүлийн дөрвөн тоглолтдоо хожлын бараа харсангүй. Мөн түүхэндээ анх удаагаа нэг жилд зургаан хожигдол амслаа.

Тоглолтын  дараа Йоахим Лёв “Бид дэлхийн аваргуудтай тэнцүүхэн тоглолоо. Манай хаалганд пенальти заах ёсгүй байсан. Матуиди Хуммельсийн хөл дээр гишгээд уначихсан болохоос манай хамгаалагч зөрчил гаргаагүй” гэж мэдэгдсэн юм.

Германы Хөлбөмбөгийн Холбоо Йоахим Лёвыг халах бодолгүй байгаа талаар мэдээлэл цацагдсан. Ямартай ч ирэх жилийн хавар хүртэл харзнах юм гэнэ билээ.

Йоахим Лёв Үндэстнүүдийн лигийн тэмцээнийг багаа өөрчлөх шинэчлэх боломж гэж харж буй нь шинэ шинэ хөлбөмбөгчдийг туршиж буйгаас тодорхой харагдана.

Гурван өнгөтүүдийн эсрэг тэрбээр “Хоффенхайм”-ын 25 настай зүүн захын хамгаалагч Нико Шульц болон өнгөрсөн зун “Шальке”-гаас 37 сая еврогоор ПСЖ-д очсон 22 настай Тило Керерийг нарыг гаргасан. Өмнөх Голландтай хийсэн тоглолтод довтолгооны үзүүр дээр Марк Утыг гаргаж мөн туршсан билээ.

Франц – Герман 2:1

Үндэстнүүдийн лиг

Гоол: Кроос 14-пен, Гризманн 62, 80-пен

Франц: Льорис, Варан, Лука Эрнандес, Павар, Кимпембе, Погба, Канте (Нзонзи, 90), Матуиди, Гризманн (Ндомбеле, 90), Жиру, Мбаппе (Дембеле, 86).

Герман: Нойер, Керер, Хуммельс, Зуле, Шульц, Сане (Дракслер, 75), Кроос, Гинтер (Брандт, 83), Гнабри (Мюллер, 88), Киммих, Вернер.

Шар хуудас: Гинтер (29)

.

Аргентин – Бразил 0:1

Үндэстнүүдийн лигийн тэмцээнээс гадна өчигдөр хэд хэдэн тун сонирхолтой өрсөлдөөнтэй нөхөрсөг тоглолтууд боллоо.

Хааяа хатгасан хөрш улсууд болох Бразил-Аргентины мөнхийн өрсөлдөөн энэ удаад Саудын Арабад өрнөлөө. Өмнөд Америкийн Супер Класико нэртэй энэхүү тоглолтод ялалт байгуулсан багт нь цом хүртэл бэлдсэн байлаа. Хоёр багийн түүхэн дэх 105 дахь тоглолт нь энэ.

Тите Бразилын шигшээгийнхээ суурийг өөрчлөлгүй чигээр нь шахуу гаргасан бол Лионель Скалони Мессигүйгээр Аргентины шигшээ ямар байж болохыг туршсаар байна. Гэхдээ өрсөлдөгч нь Бразил тул энэ удаад хамгийн найдлагатай гэсэн тоглогчдоо гаргасан юм.

Тоглолтын хоёр улсын шигшээгийн мөнхийн өрсөлдөөн шиг ширүүн болж, нөхөрсөг тоглолт гэхэд долоон ч шар хуудас хүртээв. Тоглолтын сүүлчийн минутад Неймарын булангаас дамжуулсан бөмбөгийг Миранда мөргөж, хожлын гоолыг оруулсан.

Неймар ийнхүү шигшээ багийнхаа төлөө 94 тоглолтод гарч 51 гоол оруулж+49 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй боллоо. Өөрөөр хэлбэл, дунджаар талбайд гарах бүрийдээ гоолын үзүүлэлтээ заавал ахиулдаг уламжлалаа үргэлжлүүллээ.

Тоглолтын дараагаар Тите “Аргентины шигшээ гоолын боломж үүсгэж, хожихыг хичээсэн ч бид илүү байлаа. Миранда хожлын гоолоо үүнээс өмнө ч хийчихэж болох л байсан” гэжээ.

Лионель Мессигийн хувьд энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүйгээр шийдсэн гэх мэдээ бий. Өөрөөр хэлбэл, ирэх онд Месси шигшээдээ буцан ирэх юм.

Аргентин – Бразил 0:1

Нөхөрсөг тоглолт

Гоол: Миранда 90+3

Аргентин: Ромеро, Пеццелиа, Саравиа, Тальяфико (Акунья, 82), Отаменди, Батталиа, Паредес, Ло Чельсо (Сальвио, 73), Корреа (Перейра, 67), Дибала (Мартинес, 58), Икарди (Симеоне, 88).

Бразил: Алиссон, Данило (Фабиньо, 53), Филипе Луис, Миранда, Маркиньос, Артур, Коутиньо, Каземиро, Габриэл Жезус (Ришарлисон, 65), Неймар, Фирмино.

Шар хуудас: Паредес (18), Корреа (62), Ло Чельсо (64), Неймар (66), Саравиа (69), Миранда (71), Батталиа (84).

.

Бельги – Голланд 1:1

Бельгийн “Улаан чөтгөрүүд” талбайдаа Голландын шигшээг хүлээн авлаа. Дэлхийн чансааг тэргүүлж буй Бельгийн шигшээ шинэ залуу бүрэлдэхүүнээр цусаа сэлбэж, хөл нийлэхээр зүтгэж буй Голландтай 1:1-ээр тэнцлээ.

Голландын шигшээд дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч Виргил Ван Дейк гарсангүй. Улбар шаруудын дасгалжуулагч Рональд Куманы хэлснээр бол Ван Дейкийн хоёр хавирга хугараад хоёр долоо хоног болж буй гэнэ. Гэхдээ шигшээдээ тоглохдоо бус “Ливерпуль”-ээс ирэхдээ тийм гэмтэлтэй байсан ажээ. Гэвч өөрөө Германы шигшээтэй заавал тоглоно гэж зүтгэсээр тоглоод дараа нь Ливерпуль руу буцаасан байна.

Тоглолтын эхний гоолыг Дрис Мертенс хийж дараа нь Мемфис Депайгийн дамжуулалтаар “Брюгге”-гийн 21 настай хагас хамгаалагч Арно Груневельд Данжума тоог тэнцүүлсэн.

Тоглолтын төгсгөл рүү хоёр баг нээлттэй тоглож, гоолын хэдэн боломжууд үүсгэсэн ч тоог өөрчилж дөнгөсөнгүй.

Бельги – Голланд 1:1

Нөхөрсөг тоглолт

Гоол: Мертенс 5, Данжума 27

Бельги: Миньоле, Боята, Денайер, Кастань (Менье, 73), Алдервейрелд, Тилеманс (Карраско, 83), Шадли, Витцель, Азар (Азар, 46), Мертенс (Прат, 46), Лукаку (Батшуайи, 46).

Голланд: Силлессен, де Лигт (Росарио, 46), Блинд, Аке, де Врей, Депай, ван де Бек (ван Анхолт, 61), Промес (Бергвейн, 73), Стротман (де Йонг, 73), Данжума (Триндаде, 61), Думфрис (Хатебур, 46).

Шар хуудас: Боята (82), Триндаде (84), Хатебур (90).

.

Япон – Уругвай 4:3

Японы шигшээ баг Уругвайг 4:3-аар хожсон нь олны анхаарлыг зүй ёсоор татлаа. Австралийн “Ред Булл Зальцбург”-т тоглодог 23 настай довтлогч Такуми Минамино дубль хийсэн байна.

Япон – Уругвай 4:3
Нөхөрсөг тоглолт
Гоол: Минамино 10, 66, Перейро 28, Осако 36, Кавани 57, Доан 59, Родригес 75
Япон: Хигашигучи, Миура, Эндо, Нагатомо, Ёшида, Минамино, Сибасаки (Аояма, 74), Накажима (Харагучи, 87), Доан, Сакаи, Осако.
Уругвай: Муслера, Касерес (Майяда, 64), Годин, Коатес, Саракки, де Арраскаэта (Родригес, 46), Лаксальт, Торрейра (Нандес, 74), Бентанкур (Вальверде, 46), Перейро (Макси Гомес, 77; Стуани, 85), Кавани.
Шар хуудас: Саракки (53)

.

За ингээд төгсгөлд нь та бүхэнд Үндэстнүүдийн лигийн хэсгүүдийн байдлыг танилцуулж байна. Тус лигийн хэсгийн сүүлчийн тоглолтууд арваннэгдүгээр сарын дундуур болно.

News1.mn Р.Гэгээ

SHARE