Сайдын суудал 54 тэрбум хүрлээ

 

Д.Бат-Очир

 

Ийм явдал боллоо. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өчигдөр /2018.10.16./ хийсэн мэдээллийнхээ үеэр нотоллоо.

 

Тэр хүний ярьж байгаагаар 54 тэрбумыг утаанд зарцуулах төслөө заавал явуулах юм байна. Бүр “чичирчихсэн” байна. Эрчим хүчний яам саналыг оруулж ирсэн хэмээн өөрөөсөө бултуулж байгаа ч энэ мөнгийг заавал Л.Элдэв-Очир гишүүний хаврын чуулганы төгсгөлд яриад байснаар зарцуулна гээд гүрийж байна.

 

Бас тэрээр энэ төсөл амжилтгүй болбол хариуцлага хүлээнэ гэж мэдэгдлээ. Сайдын хариуцлага гэж юу байдаг юм бэ. Сүүлийн үеийн жишээгээр сайндаа л ажлаа өгнө гэсэн үг.

 

Тиймээс Н.Цэрэнбат гэдэг залуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайдын албан тушаалыг 54 тэрбумаар үнэлчихлээ гэсэн үг.

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга гэж нэг нөхөр ирчихсэн “Утаа гэдэг чинь ийм юм байдаг юм “ ч гэх шиг, хичээл заах шахуу юм болж 54 тэрбумыг бас хамгаалав.

 

Энэ бол асуудалтай төсөл. Н.Цэрэнбат, тэр Төрийн нарийн бичгийн дарга хоёрын хэлээд байгаа шиг үр дүн гарахгүй гэдэг дэндүү ойлгомжтой.

 

Хавар болно, хүмүүс мартана. Хариуцлага тооцох гэсээр байтал сонгууль болно. Н.Цэрэнэбатын тооцоо ердөө л энэ.

 

Та нар бод доо. Хэрвээ яндантай “ноцолдоод” утаа арилчихдаг энэ технологи супер үр дүнтэй юм бол Хятад улс, энүүхэн Бээжин яагаад ашиглаагүй юм бэ. Бээжингийн утаа арилсан нь цахилгаан станцуудаа зайлуулснаас л болсон шүү дээ. Одоо тэдний ашиглалтаас гаргасан цахилгаан станцууд Эрчим хүчний яамаар дамжаад Монголд орж ирж байна. Энэ нууц биш. Бүр бизнес болчихсон гэдгийг амтай болгон ярьж байна.

 

Янданг цөөлж байж утаа арилна гэдгийг Монгол төрийн бодлого болгож, төслөө тийш нь чиглүүлэх ёстой юм. Гэтэл салбарын сайд нь ийм солиотой юм яриад гүрийгээд, Төрийн бодлогыг  бус ямар нэг ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавиад байгаа нь ойлгомжтой байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE