Их хурлын гишүүн гэдэг чинь Их гарын шантаажчин байхгүй юу?

Өөрсдөө бол “Үгүй” л гэнэ.

Гэвч Их хурлын гишүүн бол шантаажчин юм. Бүх Их гарын шантаажчин шүү.

Тэд дөрвөн жилийн хугацаанд дөрвөнтөө тохиолдох бүтэн хоёр сарын шантаажны чинь сезон үргэлжилж байна.

Энэ бол ирэх оны төсвийн хэлэлцүүлэг юм.

Яг одоо 2019 оны төсвийг ид хэлэлцэж байна. Энэ жил нууцаар таван тэрбум төгрөг зарцуулахаар эрх баригчдын бэлгийг гишүүд хүртжээ. Гээд ханалгүйгээр “Манай тойрогт бага мөнгө тавилаа” гэж зурагтаар ээлж ээлжээр гарч ирээд, хэрүүл зарга хийцгээж байгааг харлаа. Чамд долоо, надад долоохон гэдэг шиг л харагдав.

Ганцхан тэрбум байхад нь тэр үеийн Ерөнхийлөгч хүртэл

Яг үнэндээ Их хурлын гишүүн гэдэг чинь ийм зүйл ярих ёсгүй юм. Төсвийг Засгийн газрын сайд нар зохиох ёстой. Эрүүл мэндийн сайд Баянхонгорт гурван ширхэг түргэний тэрэг хэрэгтэй гэвэл, Увс аймагт нэг ч хэрэггүй, тэнд хангалттай байгаа гэвэл түүнийг нь харгалзаж үзээд кнопдох үүрэг л тэдэнд бий.

Түүнээс биш тойрогтоо цэцэрлэг бариулж, үлдсэнээр нь тоглоомын талбай, номын сан тохижуулах, бүр үлдсэнийг нь юунд ч хамаагүй зарцуулах тухай ярьж болдоггүй юм.

Ингэхээр Засгийн газар, сайдын бүрэн эрхэнд халдаж, УИХ-ын утгыг алдагдуулж байгаа хэрэг.

Монголын парламентын түүх төсвийг арай ч ингэж хэлэлцэж байгаагүй юм шүү. Худлаа гэвэл, өнөөдөр тохой залган сууж буй, УИХ-д хамгийн олон сонгогдсон Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нараас асуух хэрэгтэй . Тэд хэлээд л өгнө.

Ирэх оны төсвөөр барьцаалан Засгийн газрыг дарамталдаг гишүүд бас байна. Хүссэнийг нь төсөвлөж өгөхгүй бол “Огцруулна” гэж айлгадаг гишүүд арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл ойр ойрхон “хуралдана” гэсэн мэдээлэл бий. Тойрогтоо төсөв тавиулах нэрийдлээр шантааж хийж байгаа л хэлбэр.

Бүхэл бүтэн Засгийн газрыг айлгаж, Ерөнхий сайдыг бөхөлзүүлнэ гэдэг чинь яахын аргагүй “Их гар”-ынхны хийдэг ажил мөн биз?

Ингэлээ гээд энэ гишүүдийг дахин сонгоно гэсэн үг биш. Сонголоо гэхэд тэр тойрогт насаараа хадагдчихгүй. М.Зэнээ агсны нэг үг бий. “Өгснийг нь аваад бай. Харин сонголтоо өөрийнхөөрөө хий” гэж. Хүмүүс сонгуульд ингэж л ханддаг болчихсон юм.

Дөрвөн жил иймэрхүү  аргаар далжигнасан бол санал хураалтын өдөр дөрөвхөн секунд зарцуулж, ганцхан гарын үсэг зураад л байх ёстой газар руу нь илгээнэ.

Тиймээс тэртэй тэргүй нутаг оронд орох ёстой улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тэр чигээр нь өөр дээрээ “тавиуллаа” гээд тэр гишүүнийг Бурхан гэж өргөхгүй. Бурхан бол бурханаар нь, буг бол бугаар нь л дүгнэнэ.

Ер нь бол сүүлийн жилүүдэд энэ Их гарын шантаажчингуудын явдлыг ард түмэн мэддэг болчихсон.

Ярьдаг нь ПОП, хийдэг нь ШАНТААЖ болсон иймэрхүү Их хурлын гишүүд ирэх сонгуулиар явах болтугай.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE