Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайд болно

Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаас чөлөөлөх процесс үргэлжилж байна.

Үүнтэй зэрэгцээд  дараагийн сайд хэн болох вэ гэдэг ид яригдаж байна.

Уг нь бол 2018 оны наймдугаар сарын 12-нд Ж.Бат-Эрдэнийг өргөдлөө өгснөөс л сайдын суудлын төлөөх марафон эхэлсэн юм.

Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Я.Содбаатар нар ЗТХ-ийн сайд болох хүсэлтэй байсныг эх сурвалж хэлж байгаа.

Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг сайд болгох хүсэлтэй байсан. Ингэвэл УИХ дахь бүлгээ Хотын фракцаас салгана гэж тооцсон гэж байгаа. Гэвч Д.Хаянхярваа сайд болохын төлөө явсангүй. Цаадуул нь зөвшөөрөөгүй байх.

Өнгөрсөн хугацаанд хамгийн идэвхтэй гүйсэн нь Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёр юм. Өөрсдөө ч хамаг чадлаараа ажилласан.

Үүнийх нь дүнд өгөрсөн сарын эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэрийг Ерөнхийлөгч дээр барьж ороод бүтээгүй. Ерөнхийлөгч өөдөөс нь хуучин сайд Д.Ганбатын нэрийг хэлснээр тохиролцоонд хүрэлгүй буцсан гэдэг.

Дээрх үйл явдлын дараа Я.Содбаатар намынхаа “акул”-уудыг Булганд аваачиж, өөрийгөө дэмжүүлэхээр нааштай шийд гаргуулсан. Гэвч тэр Ерөнхийлөгчтэй тохирч чадаагүй байна.

Ингэж явсаар МАН дотор гурван нэр дэвшигчтэй болоод байна. Ж.Бат-Эрдэнийг 32-ын бүлгээс залгамжлах ёстой гээд Архангайн Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлсэн байна. Я.Содбаатар бол 33-ын бүлгээс дэмжлэг авч, нөгөөдүүлээрээ бас дэмжүүлээд сайд болчихно гэдэг бодлоосоо ухрахгүй зүтгээд л байгаа аж.

Харин хэд хоногийн өмнөөс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайдын суудал руу хүчтэй зүтгэж эхэлсэн байна. Хамгийн гол нь түүнийг нэр дэвшээд ороод ирэхэд Ерөнхийлөгч  татгалзахгүй байж мэдэхээр байгаа юм. МАН-ын 33, 32-ын бүлгийн байр суурь бол дараагийн асуудал. Учир нь тэд нэг намын хүмүүс. Тэгэхээр сайд болох хамгийн магадлалтай хүн нь яг одоогийн байдлаар Б.Энх-Амгалан болоод байна.

Тэрээр 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн. Ингээд 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2003 онд “World Trans” ХХК, 2003-2005 онд “Улаан бутан” ХХК, 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК, 2008-2016 онд “Мишээл групп” ХХК, 2008-2016 онд НИТХ, 2015-2016 онд “Мишээл экспо”, 2016 оноосУИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

SHARE