“Барселон”, “Реал” багууд нэг тойрогт зэрэг хожигдлоо

Испанийн Ла лигийн зургадугаар тойрогт “Барселон”, “Реал” багууд зэрэг хожигдон дуулиан тарьлаа.

Лионел Месси “Барселон”-ы өмсгөлтэй 700 дахь удаа талбай дээр гарсан ч энэ тэмдэглэлт өдөр баг нь Ла лигт ганцхан оноотойгоор сүүл мушгиж буй Мадридын захын “Леганес” гэх даруухан багт хожигджээ. Тус баг урьд өмнө “Барселон”-ыг нэг ч удаа хожиж байгаагүй аж.

Тоглолтын эхний үед “Барселон”-ы Коутинью гоолдсон ч хоёрдугаар үед Эл-Жар, “Леганес”-ын “Реал”-аас түрээсэлсэн 20 настай Оскар Родригес нарын хариу гоол “Барселон”-ыг энэ улиралд анх удаа хожигдоход хүргэжээ.

 

“Леганес” – “Барселон” – 2:1 (0:1)

Гоолууд: Коутинью, 12 (0:1). Эл-Жар, 52 (1:1). Оскар Родригес, 53 (2:1).

“Леганес”: Куэльяр, Хуанфран, Бустинса, Раул Гарсия, Тарин, Силва, Эл-Жар (Ньом, 86), Весга (Мерино, 82), Рубен Перес, Оскар Родригес (Херард Гумбау, 74), Эн-Несири.

“Барселон”: Тер Штеген, Серхи Роберто, Пике, Юмтити, Фермален (Жорди Алба, 70), Ракитич, Бускетс, Коутинью, Эл-Хаддади (Суарес, 61), Месси, Дембеле (Малком, 71).

Тэгвэл “Барселон”-ы мөнхийн өрсөлдөгч Мадридын “Реал” баг энэ тойрогт мөн хожигдлоо. Хожигдох хожигдохдоо “Севилья”-д 3:0-ээр бүр бут ниргүүлжээ. Тоглолтын эхний үед “Реал” гурвын гурван гоол алдаж байсан нь хамгийн сүүлд 15 жилийн өмнө 2003 оны арваннэгдүгээр сард мөн л Севилья хотын “Рамон Санчес Писхуна” цэнгэлдэх хүрээлэнд тохиож байсан аж. Тэгэхэд “Севилья” эзэн хааны багийг 4:0-ээр буулган авч шуугиан тарьжээ.

“Севилья” – “Реал” – 3:0 (3:0)

Гоолууд: Андре Силва, 17 (1:0). Андре Силва, 21 (2:0). Бен Йеддер, 39 (3:0).

“Севилья”: Вацлик, Каррису, Гомес, Кьер, Хесус Навас, Сарабия, Банега (Меса, 90+1), Ф.Васкес, Арана (Нолито, 85), Бен Йеддер (Промес, 69), Андре Силва.

“Реал”: Куртуа, Начо (Л.Васкес, 59), Варан, Серхио Рамос, Марселу, Модрич (Себальос, 70), Каземиру, Кроос, Бэйл, Бензема (Диас, 59), Асенсио.

 

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE