Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны II Хуралдаан боллоо

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны II Хуралдаан болж дараахь 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Эм, эмнэлгийн хэрэгслийн тарилгын шингэний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,
  2. Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,
  3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаартай тогтоолоор батлагдсан “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-ыг хүчингүй болгох эсэх асуудал.

Хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд сонсох ажиллагаа явуулж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан саналыг нь сонсож, тайлбар авсан байна. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлийн тарилгын шингэний зах зээлд шинээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдож байгаатай холбогдуулан “Айвико” ХХК-ний төлөөллийг оролцуулан газрын Хуралдааны дарга, гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм.

Хэлэлцэгдсэн асуудлыг Хуралдааны дарга, гишүүд дэмжиж нийт 3 тогтоол гарган шийдвэрлэлээ.

Ингэснээр “Айвико” ХХК эм, эмнэлгийн хэрэгслийн тарилгын шингэний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр, “ДДэш ТВ” ХХК  телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд монополь аж ахуй эрхлэгч байсан бол давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр шинэчлэгдэн тогтоогдсон юм. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаартай тогтоолоор батлагдсан “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэж, улмаар шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах асуудлыг тавьж шийдвэрлүүлэхээр болсон байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН,ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

SHARE