Н.Дашзэвэг: Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны эзэд авсан хэргийг М.Батсуурь удирдсан нь сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхийг хянуулъя

Улсын Дээд шүүхийн 2018 оны есдүгээр сарын 19-ний өдрийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцсэн.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ.

Тэгвэл Доктор, Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг энэ шийдвэрийг эсэргүүцэж Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт энэ сарын 21-ний өдөр
ил захидал илгээсэн байна.

Н.Дашзэвэг ил захидалдаа “Захиргааны Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Эрдэнэтийн 49 хувийг авах эрхээсээ ард түмний төлөөлөл болсон УИХ-ын зөвшөөрөлгүй татгалзсан /хэдэн хүнд хуйвалдаж өгөхийн тулд/, 49 хувиа тендергүй нэг хүний бололтой компанид нууцаар өгсөн Засгийн газрын шийдвэр илтэд хууль бус байхад, УИХ дээрх алдааг засах шийдвэр гаргасан байхад, Үндсэн хуулийн цэц УИХ, Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзсэн байхад, Захиргааны хэргийн шүүх бүх шатандаа тэдгээрийг үл тоож, ард түмнийхээ өмчийн эсрэг хувийн компанид тал зассан шударга бус шийдвэр гаргалаа.
Иймд шүүгчдийг бүх шатандаа ротацид оруулах хууль гаргаж тэдний илтэд шударга бус шийдвэрүүдийн талаар иргэдээс мэдээлэл сонсгол авч, хөндлөнгийн хуульчдаар хянуулж шүүх прокурор, мөрдөнгөө авлигачдаас цэвэрлэх аян өрнүүлнэ үү.
Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны ил далд эзэд авсан гэж хардаж байгаа. Гэтэл энэ хэргийг Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан хуульч М.Батсуурь удирдсан нь илтэд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхийг хянаж өгнө үү
Батсуурь, Атарцэцэг, Мөнхтуяа нар илтэд худлаа шүүдэг гэж би харддаг /шүүлтийг нь амссан хүн би/ . Шүүгч, прокурор, цагдааг 4 жил дутам ард түмний санал гомдлыг харгалзан,шигшиж, шударгажуулах хуулийн орчин бий болгож өгнө үү Шүүгчдийг 2 жилээр томилдог, өрсөлдөөнд оруулдаг болно уу
УДШд сэлгээ хийж, шинэ нөхцөл байдал үүсгэж энэ хэргийг дахин хянуулна уу
Эсвэл 49 хувиа тендер зарлан зарна уу. “Монголын зэс компани” шударга өрсөлдөөнд төрийн мөнгөөр биш, өөрсдийнхөө мөнгөөр орог” гэж цахим хуудастаа бичжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ руу ажлын айлчлал хийхээр мордсоны маргааш гарсан Дээд шүүхийн энэ шийдвэр нэлээд асуудал дагуулж мэдэхээр байна. Учир нь эдийн засагч Н.Дашзэвэгийн хэлсэнчлэн “Засгийн газрын шийдвэр илтэд хууль бус байхад, УИХ дээрх алдааг засах шийдвэр гаргасан байхад, Үндсэн хуулийн цэц УИХ, Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзсэн байхад” Захиргааны хэргийн шүүх ийм шийдвэр гаргасан гэж үзэх хүмүүс олон байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE