“Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” аяны хүрээнд 82.454.094 төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Төв Аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албатай хамтран хорих ангиудаас хоригдлуудын дунд гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулж хохирогчийн эрхийг хамгаалах, хоригдол болон тэдгээрийн ар гэрээс хохирол төлөх эрмэлзлийг бий болгох, хоригдлын сайн дурын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэх талаар хийж буй  ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъя  нийт хорих ангиудын хэмжээнд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар өрнүүлээд байгааг бид өмнө мэдээлсэн билээ. Аяны 1 дүгээр шат 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дуусч, хорих ангиуд удирдамжийн дагуу хийсэн ажлын талаар илтгэх хуудас бусад материалаа ирүүлсэн байна. Аяны хугацаанд 8 хорих анги, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт 148 хоригдол бусдад учруулсан 82.454.094 төгрөгийн хохирлыг төлж барагдуулснаас 4.047.302 төгрөгийг өөрийн хөдөлмөрийн хөлснөөс, 78.406.722 төгрөгийн хохирлыг хоригдлын ар гэрээс төлсөн байна. Аяны 1 дүгээр шатны хүрээнд хурандаа Ч.Энхбаатар даргатай 417 дугаар нээлттэй хорих анги 5 хоригдлын 39.260.000 төгрөг, хурандаа Ж.Энхтайван даргатай 439 дүгээр хаалттай хорих анги 46 хоригдлын 12.065.302 төгрөг, хошууч Ц.Сандагдорж даргатай 445 дугаар нээлттэй хорих анги 19 хоригдлын 6.695.746 төгрөгийн хохирлыг төлүүлж бусдыгаа хошуучилжээ.

SHARE