ТӨБЗГ: Ц.Даваасүрэн сайд А.Бямбадоржийг санал болгосон

Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч өнгөрсөн бямба гариг /2018.9.14./-ийн 09.54 минутад технологийн зөрчлөөс болж “0” зогсов.  “ДЦС-4” ТӨХК -иас “Гэмтэл гарсны улмаас  Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүчгүй болсон юм. Тэр үеэр тус цахилгааны станцын захирлын асуудал хөндөгдсөн юм. Энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тайлбар хийлээ. Уг тайлбарт “…  “ДЦС-4”  ТӨХК-ийн турбинд 2018.01.08-ны өдөр гэмтэл гарсан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн 2018.01.25-ны өдөр гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай а/317 дугаар албан бичиг ирүүлсэн. Ингээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018.02.07-ны өдрийн А-1/387 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал С.Анхбаярт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мөн гүйцэтгэх захирал холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авсан талаарх мэдээллээ ТӨБЗГ-т ирүүлэх талаар “ДЦС-4” ТӨХК-ийн ТУЗ-д удирдамж өгсөн. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох нь Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн бүрэн эрх, албан хаагчдад хариуцлага тооцох нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаардаг тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг 2018.03.11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн 2018.03.20-ны өдрийн а/940 дүгээр албан бичгээр гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр тус станцын Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг салбарын сайд санал болгосон. Энэ дагуу А.Бямбадоржийг түр томилон ажиллуулах чиглэлийг “ДЦС-4” ТӨХК-ийн ТУЗ-д өгч 2018.03.22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор томилогдон ажиллаж байна.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн томилохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Засгийн газрын 80 дугаар тогтоолын дагуу холбогдох яамдын саналыг үндэслэн ЗГХЭГ-тай зөвшилцсөний үндсэн дээр ТӨБЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэдэг. Эрчим хүчний салбарын 22 компанийн 18 компанийн ТУЗ-ийн дарга ЭХЯ, ТӨБЗГ-ын албан хаагчид байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE